horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Шүүх түүхэндээ анх удаа зориулалтын барилгатай боллоо

post-img

Монгол Улсын шүүх түүхэндээ анх удаа олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай цогцолбор барилгатай боллоо. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт барьж эхэлсэн уг барилгыг шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр ашиглалтад оруулав. Энэ цогцолбор 4 давхар, нийт 3175 ам м талбайтай, хурлын 5 танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, шүүхийн Тамгын газрын ажилчдын 9 өрөө, 2 сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөө зэрэг бүхий л зүйлийг олон улсын стандартын дагуу шийдсэнээрээ онцлогтой.

Шинэ барилгын нэг онцлог нь шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах архитектурын шийдэл юм. Гэрч, хохирогчдыг шүүгдэгч болон бусад оролцогчдоос тусдаа хаалгаар оруулах байдлаар барилгыг төлөвлөсөн байна. Мөн гэрч тусгаарлах болон түр саатуулах тусгай өрөөтэй болсноор хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалах нөхцөл бүрдэж байна.

Хүүхэд оролцсон маргаан, хэргийг шийдвэрлэх явцад ашиглах зориулалттай хүүхдийн өрөөг мөн олон улсын стандартад нийцүүлэн тохижуулжээ. Ингэснээр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, тав тухтай орчинд мэдүүлэг авах, уулзах боломж бүрдэж байна. Иргэдийн маргааныг эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэхэд зориулсан тусгай хурлын өрөөтэй болсон нь цогцолборын бас нэг онцлог юм. Мөн сургалтын хоёр танхимтай болсноор сургалт зохион байгуулах зориулалтын орчин бүрджээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд зөвхөн хууль эрх зүйн баталгаа хангалттай биш. Шүүгч хараат бусаар ажиллах орчин, шүүхийн захиргаа мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл, иргэн шүүхийн үйлчилгээг хүндрэлгүй авах дэд бүтэц мөн адил чухал” хэмээн онцлов.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол Үндсэн хуулиар тогтоосон үндсэн зарчим билээ. Хараат бус байна гэдэг нь хариуцлагаас ангид байна гэсэн үг биш. Бид шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахын зэрэгцээ хараат бус байдалтайгаа дүйцэхүйц өндөр ёс зүй, сахилга, хариуцлагыг өөрсдөөсөө шаардах ёстой” хэмээн онцлов.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Шүүхийн барилга зөвхөн төрийн захиргааны албан тасалгаа биш. Харин иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай байх ёстой” хэмээв.

0/1000