Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт годрон өвчний голомт үүссэн байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 9 дүгээр сарын 27-ны өдрийн 26-5514 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр энд малын гоц халдварт годрон өвчин гарсныг оношилсон байна.
үнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн газар болон Дэлгэр сумын Онцгой комисс 9 дүгээр сарын 27-ны 23:00 цагт шуурхай хуралдаж, уг асуудлыг хэлэлцжээ. Өвчин гарсан айлын малыг холбогдох журмын дагуу устгах, тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм яаралтай тогтоох, эргүүл, пост ажиллуулах, өвчний тархалтыг таслан зогсоох, бусад мал сүрэгт халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болголоо. Нөхцөл байдлыг газар дээр нь шуурхай зохицуулж, халдварын тархалтыг хязгаарлах, малчдад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэхэд онцгой анхаарч шуурхай ажиллаж байна гэж Дэлгэр сумын ЗДТГ мэдээллээ.
Ямааны годрон гэж юу вэ?
Годрон бол Mycoplasma capricolum дэд зүйл capripneumoniae буюу Mccp микоплазмаар үүсдэг, ямааны уушги, гялтанг хүчтэй үрэвсүүлж, өндөр халууралт үүсгэдэг цочмог халдварт өвчин юм.
- Голчлон ямаа өвчилнө, мөн янгир зэрэг зэрлэг ямаан төрлийн амьтад өвчилж болно.
- Ихэвчлэн агаар дуслын замаар халдварлана. Нэг бэлчээр, ус ашиглаж байгаа сүрэгт богино хугацаанд тархах эрсдэлтэй.
- Өвчилсөн ямаа хуурай ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох, өндөр халуурах, хөлөө солбин зогсох, толгойгоо унжуулах, амнаас хөөстэй шүлс гарах, хамраас салс/идээт шингэн гоожих зэрэг шинж үзүүлдэг.
- Хурц хэлбэрийн үед өвчин 2–3 хоногийн дотор хүндэрч, үхэлд хүргэх эрсдэлтэй.
- Халдвар гарсан сүрэгт өвчлөл маш өндөр байж, албан ёсны зааварт үхэл 80-90 хувь хүрч болзошгүй гэж тэмдэглэсэн байна.
Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт сум, Дэлгэр сумын Гуулин багт годрон өвчин гарчээ.


