2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилтийг УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хянахаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Өчигдөр Төрийн ордонд эхэлсэн уг сонсгол өнөөдөр үргэлжлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас цуцлагдав. УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 29 гишүүний 12 нь өөрсдийн зохион байгуулж буй сонсголдоо өнөөдөр ирсэн бол 17 нь ирсэнгүй. Ирсэн гишүүд энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Өчигдрийн сонсголд тус хорооны 17 гишүүн ирсэн юм.
УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч М.Мандхай:
-Өнөөдөр бид 4.4 ихнаяд төгрөгийн зээлийн асуудлыг хөндөх байсан. 2 өөр эзэмшигчтэй 1 компани, 1 регистртэй 2 өөр компани зээл авсан. Зээлийн зориулалтын дагуу ашиглалгүй, хадгаламжиндаа хийж аваад, бэлнээр гаргаж авсан. Авсан тоног төхөөрөмжийг нь хянан шалгахад хашаандаа байсан хуучин тоног төхөөрөмж үзүүлсэн, зарим нь тоног төхөөрөмж нь байхгүй, зах зээлийн үнэлгээ нь буурсан гэх мэтчилэн аудитын шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн байгаа.
Үүнийг улстөржихгүйгээр ярья, хүнсний асуудлаа ярья гэсэн ч ирц хүрсэнгүй. 4.4 ихнаяд төгрөгийг хэдэн компани юунд зарцуулсныг ил тод болгох үүднээс хянан шалгах түр хороо байгуулахаа зарлаж байна.

Ургацын хэмжээ нэмэгдээгүй байтал зарцуулсан мөнгө нь сүүлийн 10 жилд 5 дахин өссөн. Мах, гурил, талхны үнэ 5-10 дахин өссөн. Ийм сөрөг үр дүн байгаа учраас юу болов гэдгийг шалгах гээд байгаа юм. Үүнийг хянан шалгах ёстой Монголбанк, Сангийн яам, ХХААХҮЯ яагаад татвар төлдөггүй, мөнгө аваад байхгүй болдог, дундаа 1 эзэнтэй олон компанид өгсөн юм бэ. Энэ тайлангийн дүгнэлтээс ямар их мөнгө авсныг харж болно. Ийм санхүүгийн схем Косово, Казахстан зэрэг улсад байдаг юм байна. Таньдаг компанидаа эрсдэл багатай гээд өгчихдөг. Гэтэл энэ чинь зорилтот бүлэгт очихгүй байгаа учраас хүнсний үнэ өндөр, махны үнэ 10 дахин өсчихсөн байна. Энэ бүхнийг сонсголоор ил гаргаж ярих байсан. Гэтэл чадаагүй. 2020 оноос өмнөх, 2008 он хүртэлх баримтыг ирүүлээгүй. Үүнд хариуцлага ярих ёстой. Үүнийг яривал бүүр аймшгийн тоо гарна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-2024 оноос хойш ямар ч сонсгол ингэж ирцийн бойкотод орж байсангүй. “Атар 4”, “Ноолуур бэлтгэл”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, “Эрүүл мэндийн 10 их наяд”-ын татаасуудыг хэн хэн ямар компанид яаж олгосон. Хэд нь найдваргүй зээл болгосон гэдэгт шинжээчийн дүгнэлтийг танилцуулах байлаа. Энэ хөтөлбөр, төслүүдийн материалыг огт ирүүлээгүй.
Шүүхэд 101 харилцагчийг өгч, нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс шүүхийн шийдвэр гарсан 73 харилцагч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийж байгаа 87 харилцагч байна. Эдгээрт анализ хийж үзэхээр сонин юм гарч байна.
1-рт, хамгийн их зээлийг Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хамгийн их зээл, татаас авчээ. ХХААХҮ-ийн сайд ингэж яриад байгаа юм. 2008, 2009 оны зээлийн баримт байхгүй. Архивыг нь жалганд аваачаад шатаасан” гэсэн мэдээлэл ирсэн. Тэгвэл 2010, 2011 онд зээл аваад, найдваргүй зээл гэсэн ангилалд орсон компанид яагаад 2021, 2022 онд яагаад дахин зээл олгосон юм бэ? 451 сая төгрөгийн зээл авчхаад, огт төлөөгүй байна. 120 тэрбумыг авчхаад төлөөгүй. 176 тэрбумыг аваад, 170 тэрбумыг төлөөгүй байна.
2023-2026 онд хамгийн их зээл олгожээ. 2026.07.31-ний байдлаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний 2.6 их наяд төгрөг будаа. Энэ Монголын ард түмний мөнгө. Төлөөгүй.
2027 онд дахиад эдгээр хөтөлбөрт 281 тэрбум төгрөгийн дэмжлэг өгнө гээд төсөвт оруулаад ирж. Мах, ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг авна гээд 2027 оны улсын төсөвт тусгажээ. Эндээс харвал 1 сайдын үед олгосон чанаргүй, найдваргүй зээл өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Үүнийхээ араас явдаггүй. Төрийн эс үйлдэхүй байдаг. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө.
Манай ажлын хэсэг нийтдээ 6 их наядын мөрөөр орсон. Яагаад Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дарханыхан байнга зээл авдаг юм бэ. Яагаад 1 ч төгрөг төлдөггүй юм бэ? Яагаад дандаа авдаг юм бэ?
Өнөөдөр ирцийг шууд бойкотолж байна. 07:30-аас хойш гуйлаа ш дээ. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд яасан? Яагаад Ерөнхийлөгчийн хөтөлбөрүүдийг ярих гэхээр хуралд ирдэггүй юм бэ. 2.6 ихнаяд сох дутсан.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Ковидын үед зээл олгосон. НДШ, цахилгаан, дулаан гээд бүх юмыг төрөөс даасан. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 ихнаяд” дээр 436.6 тэрбумын зээл олгосон. Үүнээс 1 компани 6 удаа 68.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна. “Хүнсний хувьсгал”-аар 884 тэрбумын зээл олгосон. 1 компани 6 удаа 45 тэрбум төгрөгийн зээл авсан байна. “Цагаан алт”-аар 319 тэрбумыг тараасан. Үүнээс 1 компани 7 удаа 67.1 тэрбумын зээл авсан. “Атар 4” аянаар 450.6 тэрбумын зээл олгоход, 1 компани 2 удаа 25 тэрбумын зээл авчээ. “Шинэ хоршоо”-гоор 417 тэрбум төгрөгийн зээл тараасан. Үүнээс 1 компани 80 тэрбумын зээл авсан. Ноолуурт 202.6 тэрбумын зээл олгосноос 1 компани 79.5 тэрбумын зээл авчээ.
Нийт 2 ихнаяд 837 тэрбум төгрөг тараасан. Үүнээс 1 компани 19 удаа 182.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ийм их зээл аваад, үйлдвэр босгосон уу? Үүний үр дүнг шалгах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Хянан шалгах түр хороог чуулганаар орно. 1 улиралд 2 хянан шалгах түр хороо байгуулах эрхтэй байдаг. Сонсголоос илүү түвшинд хийнэ. Энэ сонсголоор хөндсөн асуудлын 63 хувьд нь материал ирүүлээгүй. Тиймээс илүү хянан шалгах ажиллагаанд орох нь зөв юм байна. Би хувьдаа шинээч нарыг 2 асуудлаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан. 1-рт, зээлээ төлөхгүй бол шүүхээр эргэж явж байгаа нь хэр байна. Шүүхэд 2000 гаруй хэрэг явж байгаагийн 136-г нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болсон байна. Төрийн байгууллага, яам зээлээ нэхэхгүй, зориуд хугацаа хэтрүүлсэн байна. Үүний цаана хариуцлага ярих ёстой. Хүү байтугай үндсэн зээлээ ч авч чадахгүй болсон байна. Хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Зээл авчхаад, төлөхгүй 3 жил аргалахад зээлээ ч төлөхгүй байж болох юм байна гэдэг зүйлийг таслан зогсоох ёстой юм байна.

УИХ-ын гишүүн С.Замира:
-Монгол орон яагаад хөгжихгүй байна. Дээд шатандаа шийдвэр гаргадаг ч доод шатандаа замхруулдаг. 1 жишээ нь энэ. Цөөн аж ахуйн нэгж авч идээд байсан байна ш дээ. 1 аж ахуйн нэгж 19 удаа 182.9 тэрбум төгрөг авчихсан байна. Сэтгүүлчид үүний мөрөөр явах ёстой юм болов уу. Энэ чинь ард түмний мөнгө шүү дээ. Та бүхэн идэвхтэй хамтран ажиллаач ээ.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-Сонсгол болоогүй шалтгаан бол сүүлийн 18 жилд эрх баригч нам, хөдөө аж ахуйн салбарт ажилласан сайд нар төрөөс олгосон 6 ихнаяд төгрөгөөр яаж тоглосон тухай мэдээлэлтэй холбоотой байгаа юм. 4.4 ихнаяд төгрөгийн асуудал энэ сонсголоор яригдах байсан юм. Яагаад бид өнөөдөр үнэтэй талх, үнэтэй мах идэж байгаагийн шалтгаан энд байгаа юм. Гоё гоё хөтөлбөр баталдаг. Үүнд их мөнгө гаргадаг. Ийм замаар улс төр, эрх мэдэл, мэдээлэлд ойрхон дарга нар Сангийн яам, ХХААХҮЯ-ны хурган дарга нартай нийлж, иддэг явдлыг ярих байсан юм. Хөндлөнгийн шинжээч нараа нууж байгаад бид яриулж байгаа ш дээ. Дарамтаас хол байлгах гээд.
УИХ хяналт шалгалтаа сайн хийхгүй бол, богино хугацаанд хийхгүй бол 18 жилийн дараа хийж байгаа нь харамсалтай байна.

УИХ-ын гишүүн М.Ганхөлөг:
-Хөдөө аж ахуйн салбарт татаас, зээл, урамшуулал бүх л улсад байдаг. Энэ зөв, буруу гэдгийг хөндөөгүй. Цөөн хэдэн хүнд очоод байна. Зорилго, үр дүн нь тодорхой биш байна гэдэг нь эхний өдрийн шинжилгээгээр харагдлаа. Энэ салбарын хөгжлийн төлөө манай ажлын хэсэг згсохгүй. Улам лавшруулаад, өгөхгүй байгаа материалыг нь нэмж аваад, дараагийн шатанд оръё. Ажлын хэсэгт ирсэн 14.000 гаруй хуудас материал байна. Нийт хүсэлтийн 63 хувьд нь материал ирүүлээгүй. Үүнийг нээлттэй болгохын төлөө ажлын хэсэг ажиллах ёстой.
7 төрлийн урамшуулалд 900 орчим тэрбум төгрөг олгожээ. Гэхдээ 600 орчим тэрбум нь хэнд очсон нь баталгаажиж байна. Үлдсэн 300 гаруй тэрбумыг хэн авсан бэ гэдэг нь тодорхой бус үлдсэн. Материалаа шинжээч нарт ирүүлээгүй.
Өнөөдөр ярих байсан 4.4 ихнаяд төгрөг бол арилжааны банкны мөнгө. Банкаар дамжиж буй зээл юу нь буруу вэ гэхээр 1 компани олон зээл авч байгаа нь буруу юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Ковидын үед 2022.06.31-2022.12.31-ны хооронд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 ихнаядын хөтөлбөр”-өөр орлогын татвараа үнэн зөв тайлагнаж, төлдөггүй 85 компанид зээл олгосон байна. 18 компани татвараа огт төлдөггүй. 3 компани Х тайлантай. 15 компани нь “Алдагдалтай ажилласан” гэсэн тайлантай.
192 иргэнд зээл олгосноос 98 нь тайлан ирүүлээгүй. 94 нь тайлан ирүүлсэн ч 14 нь “Алдагдалтай ажилласан” гэсэн тайлан. Үнийн дүнг хэт өндөр тогтоосон, зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн зарцуулалтыг нотлох анхан шатны баримт бүрдүүлээгүй. 5 тэрбумаас дээш зээл авсан 109 компани байна. 1 компани 6 удаа 68 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ бол ковидын 10 ихнаяд шүү дээ. Өнөөдөр үүнийг бас ярих ёстой байсан юм.

