horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг нээлттэй болголоо

post-img

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв.

Өмнө нь parliament.mn сайт зөвхөн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл түгээх цахим платформ байсан бол ийнхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд төлөөлөл болон сонгогдсон гишүүнтэй холбоотой ирцийн мэдээллээс эхлээд хуулийн төсөл өргөн барихаас батлагдах хүртэлх бүх шатанд ямар оролцоотой байсан, байр суурь нь хэвээрээ байсан эсэх, өөрчлөгдсөн бол аль шатанд өөрчлөгдсөн, ирцээ бүртгүүлээд санал хураалтад оролцсон эсэх зэрэг иргэн таны мэдэх ёстой бүх мэдээллийг нэг дор нэгтгэн харуулж байгаагаараа онцлог давуу талыг бүрдүүлж байна.

Мөн “УИХ таныг сонсож байна” үйлчилгээ өргөжиж, иргэд УИХ, гишүүдэд цахимаар санал хүсэлт, асуултаа шууд хүргэх нөхцөл бүрдсэн байна. Энэ цэсээр дамжуулан иргэд хуулийн хэрэгжилт, үр өгөөж, асуудал, шийдлийн талаар санал , хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд зөвхөн И-Монголиа системээр дамжуулан 700 гаруй иргэн санал, хүсэлт ирүүлжээ. Түүнчлэн хуралдааны тов, ирц, санал хураалтын дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэл, асуулт асуулга, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, парламентын сонсгол, Байнгын хороодын үйл ажиллагаа зэрэг мэдээллийг нээлттэй болгож, хөгжүүлэгчид болон судлаачдад зориулсан нээлттэй API орчныг анх удаа нэвтрүүллээ.

0/1000