Албан ёсны хэлэлцээ эхлэхийн өмнө хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Сангийн сайд З.Мэндсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар төслийн “Солилцох ноот бичиг”-ийг солилцлоо.
Хэлэлцээгээр Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ.
Мөн японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай санал солилцов.
Хоёр улсын хоорондын бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээний агуулгыг баяжуулж, эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дорвитой татах, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхийн төлөө Засгийн газар хооронд Давхар татварын болон Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг харилцан нотлов.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөж, ялангуяа Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.
Манай улсын боловсролын салбарт сайн жишиг болон тогтож, үр дүнтэй хэрэгжиж буй Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах эрмэлзлээ нотлов.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо. Энэхүү ойг өргөн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, хоёр улсын найрамдал, нөхөрлөлийг улам бататган ажиллахад санал нэгдлээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар дэлхий дахинаа геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед манай хоёр улс харилцан ойлголцож, нягт хамтран ажиллахын чухлыг онцолж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Мөн НҮБ болон олон талт, бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.


