Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох албан тушаалын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, шүүхэд шилжүүллээ. “Капитал“ банканд томилогдсон Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй Н.Баяртсайхан “Капитал” банканд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ” байгуулжээ. Үүгээрээ тэр бусдад давуу байдал бий болгож, “Капитал банк” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэнэ.
Тус банк төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон байхдаа 2015.01.01-2019.04.08-ны хооронд Монголбанк руу 111 удаа заавал байлгах нөөцийн тайлан явуулжээ. Уг тайлангаас харвал тус банк төгрөгийн болон валютын заавал байх нөөцийг бүрдүүлээгүй байсан аж. Ийм банканд Монголбанк санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ёстой. Эсвэл тухайн банкийг албадан татан буулгах бүрэн эрхтэй. Гэвч уг бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй удаашруулж “Капитал банк” ХХК-д давуу байдал бий болгосон юм байна.
Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

