Мексикийн Үндэсний гвардын хамгийн жижиг гишүүнээр “Командо” нэртэй чихуахуа нохой ажиллаж байна. 13 сартай тэрбээр ердөө долоон килограмм жинтэй, 21 сантиметр өндөр. Тусгай хамгаалалтын нүдний шил, биед нь тохируулсан тактикийн хантааз, толгойдоо жижиг камер зүүдэг.
Командог эрэн хайх, аврах ажиллагаанд сургахын зэрэгцээ олон нийтийн арга хэмжээ, сургуулийн өдөрлөгт алба хаагчдыг дагалдан оролцож, иргэдтэй харилцахад нь дэмжлэг үзүүлдэг байна. Тэрээр үндсэн тушаалуудыг биелүүлж сурсан бөгөөд Мексикийн тусгаар тогтнолын өдрийн нийслэл дэх парадад оролцжээ.
Командог зургаан сарын өмнө Чихуахуа мужид ахмад настай хосоос үрчлэн авчээ. Тэд уг нохойг цаашид асрах боломжгүй болсон аж. Түүний өндөр, биеийн онцлог нь харуул хамгаалалт, мөрдлөг зэрэг өндөр ачаалалтай ажиллагаанд тохиромжгүй ч Үндэсний гвардын олон нийттэй харилцах дүр төрхийг зөөлрүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Мексикийн Үндэсний гвард одоогоор ойролцоогоор 350 эрэлч нохойтой. Бельгийн малинуа, герман хоньч, голланд хоньч, лабрадор болон Мексикийн бэлгэдэлт үүлдэр болох ксолоитцкуинтли зэрэг том биетэй ажилчин ноход зонхилдог байна.


