АНУ-ын Агаарын цэргийн хүчний С-17 онгоц Коста Рикагаас 45 метр тонн хар тамхи тээвэрлэн устгахаар мягмар гарагт хөөрчээ. Уг онгоц нийслэл Сан-Хосегийн баруун хойд хэсэгт орших Алахуэлагаас хөөрсөн бөгөөд тээвэрлэж буй кокаиныг АНУ болон “Америк тивийн бамбай” эвслийн бусад гишүүдийн дэмжлэгтэйгээр явуулсан ажиллагаануудаар хураан авсан байна.
АНУ-ын Коста Рика дахь ЭСЯ-ны мэдээлснээр, хураасан хар тамхийг устгаснаар гэмт хэргийн бүлэглэлүүдийн гарт орох байсан 1.25 тэрбум ам.долларын хөрөнгийг эргэлтээс гаргаж байгаа аж.
Коста Рика болон АНУ олон жилийн турш аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж, тэр дундаа далайн хамтарсан эргүүл хийж ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хар тамхины картелуудтай тэмцэх зорилготой “Америк тивийн бамбай” эвсэлд Коста Рикаг нэгдэхийг урьсан байна.
Коста Рикагийн Ерөнхийлөгч Лаура Фернандес есдүгээр сарын эхээр Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын хуурай замын ажиллагаа үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжтой гэж хэлсэн ч Вашингтонтой энэ талаар тодорхой тохиролцоо хийгдээгүй, ийм ажиллагаа явуулахад парламентын зөвшөөрөл шаардлагатайг онцолжээ.


