Иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас хиймэл оюун ухаанд суурилсан “Ухаалаг чатбот” программ хангамжийг нэвтрүүллээ.
“Ухаалаг чатбот” нь улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар нээлттэй мэдээлэл, иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, үйлчилгээний хураамж, дансны мэдээлэл, өөрт ойр салбарын ачаалал зэрэг мэдээллийг нэг дороос шуурхай, ойлгомжтой хүргэх цахим туслах үйлчилгээ юм. Мөн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой хуулиар нээлттэй мэдээллийг чатботоос авах боломжтой.
Иргэн та улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой асуултаа өдөр тутмын энгийн хэлээр бичихэд, чатбот таны асуултыг боловсруулж, баталгаатай мэдээллийн эх сурвалжид үндэслэн шаардлагатай мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр танд хүргэнэ.
Түүнчлэн “Ухаалаг чатбот” нь НҮБ-ын албан ёсны 6 хэлээр мэдээлэл, хариулт өгөх боломжтой.


