Япон улс амьтны эрх, эрүүл ахуй болон олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, амьтан тэжээдэг кафе, үйлчилгээний газруудын улсын хэмжээний анхны судалгааг энэ сараас эхлүүлжээ.
Судалгаагаар Япон даяар хэдэн амьтны кафе үйл ажиллагаа явуулж байгаа, тэдгээрт ямар төрлийн амьтан тэжээдэг, амьтдыг ямар нөхцөлд байлгадаг болон үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцдагийг шалгана. Амьтны кафе нь ялангуяа япон болон гадаадын жуулчдын дунд түгээмэл бөгөөд зарим газарт халиу, шар шувуу, тарвага зэрэг чамин амьтадтай ойроос харилцах боломж олгодог байна.
Токиогийн ойролцоох Камакура хотын “Owl Otter Cafe”-ийн менежер Сяйна Нозаки судалгааг сайшаажээ. Тус кафе нь амьтдын сайн сайхныг хамгаалах зорилгоор халиунуудыг гэр бүлээр нь байлгаж, шар шувуудыг доторх орчинд чөлөөтэй нисэх боломж бүрдүүлсэн байна.
Японы Байгаль орчны яамны судалгааг хариуцаж буй албан тушаалтан Такуя Ишикавагийн хэлснээр, гол анхаарах асуудал нь амьтдыг зохистой нөхцөлд тэжээж байгаа эсэх, мөн амьтан, хүн хоорондын харилцаанаас халдварт өвчин тархах эрсдэл юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн энэ сард нийтэлсэн тайланд дурдсанаар, Япон улс 2024 онд мөнгөн дүнгээр амьд мөлхөгч болон хөхтөн амьтны импортын хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орсон байна. Энэ нь тэжээвэр амьтны худалдаанаас үүдэх харь нутгийн амьтан байгальд нутагших, хүн болон амьтанд халдварладаг өвчин тархах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ.


