Төрийн бодлогоор мах нөөцөлж эхэлсэн 2006 онд 1 кг нь 2100 төгрөг байсан үхрийн махны үнэ одоо 33.000 төгрөгт хүрлээ. Ханш нь 15.7 дахин өссөн байна. Үүнийг талхны үнэтэй харьцуулж үзье. Тэр үед 320 төгрөг байсан “Атар” талх одоо 3000 төгрөг. Үнэ нь 9.1 дахин нэмэгджээ.
Манай улс мах нөөцөлж эхлэхдээ 34.8 сая малтай байв. Одоо 58 сая. Малын тоо 70% өссөн байхад махны үнэ 15.7 дахин нэмэгджээ. Арай л дэндүү биш үү!
Манай улс 2008-2025 онд 1.661.900 иргэн, аж ахуйн нэгжид нийт 979.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Яасан гэж ийм олон хүнд, энэ олон компанид ийм их мөнгө өгөв гээд харвал мах бэлтгэсэн, ноосоо самнасан, ноолуураа угаасан, буудайгаа үйлдвэрт тушаасан, сүүгээ саасан гэж. Тэгээд ямар үр дүн гарав? Махыг авч үзье.
ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүхийн мэдээллээр бол нөөцийн мах бэлтгэхэд 63.3 тэрбум төгрөг олгожээ. УИХ, ЗГ тогтоол гаргаад, мах бэлтгүүлж, урамшуулал, зээлийн хүүгийн зөрүү хэмээн мөнгө өгч байна.
Засгийн газар 2006.07.26-нд “Махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарган, “Мах бэлтгэн хадгалж, борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам” баталжээ. Үүний дагуу Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан мах нөөцөлж байлаа. Тэр үед Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 1800-2000, үхрийн мах 2100-2500 ₮ байв.
Нөөцөлсөн махны хэмжээ, олгосон урамшуулал
- 2006-2007 он: 1 кг махны урамшуулал 340₮. Нийт3900 тн мах бэлтгэж, 986.5 сая ₮ олгожээ.
- 2007-2008 он: 12 компани 8000 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮ урамшуулалд авчээ.
- 2008-2009 он: 6 компани 8000 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮-ийн урамшуулал авчээ.
- 2009-2010 он: 1 кг махны урамшуулал 500₮ . 6 компани 4800 тн мах бэлтгэж, 2.4 тэрбум ₮ авчээ.
Нөөцийн мах бэлтгэхэд зориулсан дэмжлэгийг 2010-2012 онд улсын төсвөөс гаргаагүй байна.
- 2010-2011 он: 16.000 тн мах бэлтгэсэн 10 компани 8 тэрбум ₮.
- 2011-2012 он: 1 кг махны урамшуулал 650 төгрөг. 16.000 тн мах бэлтгэсэн 14 компанид 10 тэрбум ₮.
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 5000-7200, үхрийн мах 5500-7800 ₮ байв. 6 жилийн хугацаанд махны үнэ дунджаар 3 дахин нэмэгджээ.
Мах бэлтгэсний урамшууллыг зогсоож, оронд нь мах бэлтгэн нийлүүлэх компаниудад эргэлтийн зээл хөнгөлөлттэй олгохоор болжээ. Зээлийнх нь хүүг улсын төсвөөс төлнө. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран 2012.10.26-наас “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж, 248 тэрбум төгрөгийн зээл өгчээ. 2013-2015 онд 3 жил хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн “Махны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан компаниудад 87 тэрбумыг нь зээлжээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд уг хөтөлбөрийн үр дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас асуухад 2014.04.11-нд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хариуг нь өгчээ. Х.Баттулга сайд “Хонины ястай махны үнэ 5.3% буурсан. Үхрийн ястай махны үнэ 2.1% өссөн” гэж хариулжээ. Су.Батболд гишүүн “Бодит амьдрал дээр гурил, махны үнэ өссөн. Тиймээс энэ хөтөлбөр үр дүнгээ өгөөгүй” гэж үзсэн байв.
Нөөцөлсөн махны хэмжээ, олгосон урамшуулал
- 2012-2013 он: 22 компани 12.000 тн мах нөөцлөв. Үүнд 11.3 тэрбум ₮ төсөвлөсөн байна.
- 2013-2014 он: 9 компаниар 11.400 тн мах бэлтгүүлэхэд, 9.5 тэрбум ₮ зарцуулжээ.
- 2014-2015 он: 6 компани нийт 14,544.6 тн мах нөөцөлж, 14.5 тэрбум ₮-ийн урамшуулал авчээ.
- 2015-2016 он: 14.000 тн мах бэлтгэсэн 4 компанид 14.5 тэрбум ₮ олгожээ.
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 4500-7600, үхрийн мах 7000-8500 ₮ байв. Өнгөрсөн 3 жилд махны үнэ харьцангуй тогтвортой байжээ.
Засгийн газар 2015 онд “Мах” хөтөлбөр баталж, Хөгжлийн банкнаас 100 тэрбум төгрөг гарган, арилжааны банкуудаар дамжуулан, махны үйлдвэр, зоорьтой “Баатарууд тэнгэр”, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, ХКҮ, “Эрдмийт”, “Саян-Уул” зэрэг компанид зээлжээ. Жилийн 12.5%-ийн хүүтэй энэ зээлийг 2018 оны 8-р сар хүртэл олгосон байв.
Нөөцөлсөн махны хэмжээ, зэлийн хүүд олгосон хөнгөлөлт
- 2016-2017 он: 4 компанийн зээлийн хүүд 2.7 тэрбум ₮ зээл олгосон байна.
- 2017-2018 он: 12.000 тн (18.000 тн) зээлийн хүү хөнгөлөхөд 4.6 тэрбум ₮ өгчээ.
- 2018-2019 он: 10 компани 12.8 мянган тн мах нөөцөлж, зээлийн хүү хөнгөлөхөд 4.6 тэрбум ₮ өгчээ.
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 8000-10.000, үхрийн мах 9000-12.000 ₮ байв. Өнгөрсөн 4 жилд махны үнэ дунджаар 0.5 дахин өсжээ.
Нөөцийн мах бэлтгэх ажлыг ХХААХҮЯ дангаар хариуцахаа больж, нийслэлийн ЗДТГ-ыг үүнд оролцуулж эхэллээ. Мах нөөцлөх ажлыг банкны зээлээр, компани өөрийн мөнгөөр, бодлогын гэрээгээр, Хөдөө аж ахуйн биржээр гэсэн 4 чиглэлээр хийдэг болов. Нийслэлийн засаг дарга 2019.08.29-нд А/889 дүгээр захирамж гаргаж, мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулав.
- 2019-2020 он: 14 компани 52.3 тэрбум ₮-өөр 13.886 тн мах нөөцөлж, зээлийн хүүд нь 3.8 тэрбум ₮ төлжээ.
- 2020-2021 он: 17 компани 68 тэрбумын зээл авч, 11.000 тн мах нөөцлөн, зээлийн хүүг хөнгөлөхөд 4.6 тэрбум ₮ зарцуулжээ. Үүн дээр борлуулалтын нэмэгдэл зардал гэж 3 тэрбум ₮ олгосон тухай ХХААХҮЯ тайлагнасан байв. Харин нийслэлийн ЗДТГ 28 компаниар 11.980 тн мах бэлтгүүлсэн гэжээ.
- 2021-2022 он: 23 компанид хүүгийн дэмжлэгт 297.7 сая ₮ төлж,12.700 тн мах нөөцлүүлжээ.
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 10.000-13.000, үхрийн мах 13.500-15.500 ₮ байв. Өнгөрсөн 3 жилд махны үнэ дунджаар 30% өсжээ.
Нөөцийн мах бэлтгэхэд Засгийн газар оролцохоо больж, нийслэлийн ЗДТГ-т бүрэн хариуцууллаа. Нийслэлийн засаг дарга 2023 онд А/1147 дүгээр захирамж гарган, нөөцийн мах бэлтгэх, худалдаа зохион байгуулах, хяналт тавих ажлыг УБЗАА-нд хариуцуулав.
Засгийн газар 2021 онд 42, 59, 131, 216 дугаар тогтоол гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жилийн 3%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 650 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүний 200 тэрбумыг ноолуур, ноос, арьс шир бэлтгэхэд, 100 тэрбумыг хаврын тариалалтад, 250 тэрбумыг нь малчдыг дэмжихэд, 100 тэрбумыг нь нөөцийн мах бэлтгэхэд зарцуулсан байна. Үүнээс мах нөөцлөхөд зориулан 89.6 тэрбум төгрөгийн зээл олгосон аж.
- 2022-2023 он: 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлж, зээлийн хүүгийн дэмжлэгт 3.7 тэрбум ₮ зарцуулжээ.
Нөөцөлсөн махны хэмжээ, олгосон дэмжлэг
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 10.500-14.500, үхрийн мах 13.500-17.000 ₮ байв. Өнгөрсөн 1 жилд махны үнэ дунджаар 10% өсжээ.
Засгийн газар 2023.09.13-нд 344-р тогтоол гаргаж, “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам” гаргав. Засгийн газар 2024.03.13-нд хуралдаж, нөөцийн мах бэлтгэсэн компаниудын үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан, нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг 1 кг тутамд 700 ₮-өөр тогтоов.
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 2023 онд мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулав. Гадаад улсад гаргах махны хэмжээг манай улс 2023 оноос хязгаарлахаа больж, худалдаж авъя гэсэн хэмжээгээр нь нийлүүлдэг боллоо.
- 2023-2024 он: 7 компани 6337.5 тонн мах бэлтгэж, 4.4 тэрбум ₮-ийн дэмжлэг авчээ.
- 2024-2025 он: 10 компани 8713 тонн мах нөөцөлж, нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг, ЗГ-ын нөөц сангаас 12.6 тэрбум төгрөг авчээ.
- 2025-2026 он: 9 аж ахуйн нэгж 5016 тонн нөөцөлжээ. Тэдний үйл ажиллагааны зардлын зөрүүнд нийслэлийн төсвөөс 2.5 тэрбум төгрөг олгосон бол ЗГ уг зөрүүг олгохоос татгалзав.
Энэ жил Улаанбаатарт хонины 1 кг махны жижиглэн борлуулах үнэ 20.000-28.000, үхрийн мах 24.000-34.000 ₮ байв. Өнгөрсөн 3 жилд махны үнэ дунджаар 2 дахин өсжээ.
ХХААХҮЯ-наас 2026.07.04-нд УИХ-ын гишүүн Б.Уянгын асуулгад өгсөн хариунаас үзвэл манай улс 2024 онд 47.7 мянган тонн, 2025 онд 57.5 мянган тонн мах гадаадад гаргажээ. Үүний ихэнх нь адууны мах. Адууны махны 88.7 хувийг БНХАУ, 9 хувийг Казахстан, 1.8 хувийг Узбекистан, 0.6 хувийг бусад улс худалдан авчээ.
Монгол Улс 2025 онд гадаадад 85.624 тонн мах гаргаж, 345.3 сая ам.доллар олжээ. Үүний 34.653 тонн нь адууны мах, 22.528 тонн нь боловсруулсан мах байв.
- 2026-2027 он: 20 мянган тонн мах нөөцлөхөөр ЗГ төлөвлөв. 7 компанид 61.1 тэрбум ₮ санхүүжилт баталж, 3.117 тонн мах бэлтгэх гэрээ байгуулах шатанд байна.

