Чингис хаан нисэх буудал дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б 2024 оны 5 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг татваргүйгээр хилээр нэвтрүүлжээ. П.А 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг биедээ нууж, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн байна. Өөрийг нь шалгасан байцаагчид тэр хахууль өгсөн аж.
Тэдний энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх), 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх Ц.Б-г эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оноов.
Шүүгдэгч П.А-г дээрх хэрэгт хамтран оролцсон, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сар 7 хоног хорих ял оногдуулжээ.

