АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп есдүгээр сарын 30-нд АНУ-ын эрчим хүчний дэд бүтцэд хийх түүхэн томоохон хөрөнгө оруулалтын багцыг танилцууллаа. Тус багцад Техас мужид 6 гигаваттын хүчин чадалтай цахилгаан үйлдвэрлэх байгууламж барих, найман том оврын цөмийн реактор байгуулах, мөн удаан хугацаанд хойшилсон Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн хоолой барих төсөл багтжээ.
Трампын мэдээлснээр уг хөрөнгө оруулалтын багц нь АНУ, Өмнөд Солонгосын худалдааны хэлэлцээртэй холбоотой бөгөөд Вашингтон Өмнөд Солонгосын бараанд ногдуулах гаалийн тарифыг 15 хувь болгон бууруулсан байна. Харин төслүүдийг Өмнөд Солонгосын Засгийн газраас гаргах 200 тэрбум ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аляска мужийн сенатор Дан Салливан байгалийн хийн хоолойг мужийнхаа хамгийн чухал төсөл хэмээн тодорхойлсон бол Дотоод хэргийн сайд Даг Бургум уг төсөл нь АНУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, одоогоор импортын эрчим хүчнээс хамааралтай Хавай, Гуам болон АНУ-ын бусад нутаг дэвсгэрийг түлшээр хангахад тусална гэж мэдэгдэв.


