horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Испани цагаачдыг зодож, тамласан гэх мэдээллийг шалгаж эхэлжээ

post-img

Испанийн Батлан хамгаалах яам есдүгээр сарын 30-нд “Эмнести Интернэшнл” байгууллагын тайланд дурдсан цагаачдыг цэргийн алба хаагчид тамласан, зүй бусаар харьцсан гэх мэдээллийг прокурорт шилжүүлж, буруутай этгээд байгаа эсэхийг тогтоох дотоод шалгалт эхлүүлжээ.

Тус байгууллага Хойд Африк дахь Испанийн Сеута анклавт үлдсэн цагаачдад цэргийн алба хаагчид эрүү шүүлт тулгаж, хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг нь доромжилсон байдлаар харьцсан гэж мэдээлсэн байна. “Эмнести Интернэшнл”-ийн Испани дахь захирал Эстебан Бельтран байгууллага 22 удаагийн эрүү шүүлт, хүчирхийллийн тохиолдлыг баримтжуулсан гэж Ройтерс агентлагт ярьжээ.

Түүний мэдээлснээр цэргүүд шөнийн ажиллагааны үеэр цагаачдыг мөрдөн хөөж, зодож, доромжилсон тохиолдлууд давтагдсан байна. Мөн тус байгууллагын шалгасан гэрэл зураг, дүрс бичлэгт нүүрээ халхалсан алба хаагчид цагаачдыг цохиж, нүүр рүү нь цочроох бодис цацан хил давуулж буй дүр зураг байгаа аж.

Испанийн Батлан хамгаалах яам тайланг Сеутагийн прокурорын газар болон шүүхэд шилжүүлж, холбогдох алба хаагчдын хариуцлагыг тогтоохыг Цэргийн ажиллагааны командлалд үүрэг болгосноо мэдэгдэв. Харин “Эмнести Интернэшнл” шалгалтыг бүрэн дүүрэн явуулж, холбогдсон байж болзошгүй алба хаагчдыг мөрдөн шалгалтын хугацаанд түр түдгэлзүүлэхийг шаарджээ.

0/1000