horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Нэг аяга кофе нэг дэлхийн соёл

post-img

Өглөөг нэг аяга кофегоор эхлүүлэх нь дэлхийн сая сая хүний өдөр тутмын дадал болжээ. Кофе зөвхөн сэргээх ундаа төдий биш, хүмүүсийн уулзах, ярилцах, ажиллах, ном унших, хурдтай амьдралд хэсэгхэн хугацаанд зай авах орон зайг бий болгосон том соёл болтлоо хөгжлөө.

Аравдугаар сарын 1-нийг дэлхий нийт Олон улсын кофены өдөр болгон тэмдэглэдэг. Ингээд нэг аяга кофены цаадах түүх, соёл болон Монгол дахь хэрэглээг сонирхъё.

Этиопоос эхэлж, дэлхийн соёл болсон нь

Кофены ургамлын гарал үүслийг Этиоптой холбон үздэг ч өнөөгийн бидний мэдэх кофе уух соёл Йеменд 15 дугаар зууны үед хүчтэй хөгжжээ. Улмаар кофе Арабын хойг, Османы эзэнт гүрнээр дамжин Европт хүрч, 17 дугаар зуунд кофены газрууд олноор нээгдсэн байна.

Тэр үеэс кофе уух нь ганцаараа хийдэг үйлдэл биш болжээ. Кофены газрууд хүмүүсийн уулзаж, мэдээ мэдээлэл солилцож, улс төр, урлаг, худалдааны талаар ярилцдаг нийтийн орон зай болсон байна.

“Кофены соёл” угтаа үрийн гарал, шаргалт, бэлтгэх аргаас хальж орчин, хүмүүсийн харилцаа, өдөр тутмын хэв маягийг бүхэлд нь хамруулсан өргөн дэлгэр ойлголт болов.

Хамгийн үнэтэй нь хамгийн амттай гэсэн үг биш

Дэлхийн кофены үйлдвэрлэлд Бразил, Вьетнам, Колумб тэргүүлдэг. Ялангуяа Бразил олон жилийн турш дэлхийн хамгийн том кофе үйлдвэрлэгч орон байсаар ирсэн бөгөөд кофе нь тус улсын эдийн засгийн чухал бүтээгдэхүүний нэг юм.

Харин өндөр үнэлгээтэй, ховор кофены тухай ярихад Панамын Geisha онцгой байр суурь эзэлдэг. 2026 оны Best of Panama дуудлага худалдаагаар Lamastus Family Estate-ийн Geisha кофе нэг килограмм нь 18,004 ам.долларт хүрч зарагджээ. Тус кофе 96.25 онооны үнэлгээ авч, цэцэг, жимс, цитрусын нарийн үнэр амтаараа өндөр үнэлэгдсэн байна.

Гэхдээ кофены “хамгийн гоё амт” гэдэг нь тийм ч оновчтой ойлголт биш. Үүнд кофены сорт, ургасан өндөршил, хөрс, боловсруулалт, шаргалтын түвшин, бэлтгэх арга төдийгүй хүний өөрийн амтлах мэдрэмж нөлөөлдөг болохоор “яг тийм” гэж тодорхойлох нь зохимжгүй.

Кофены соёл хөгжихийн хэрээр хүмүүс зөвхөн кофе захиалах бус өөрийн мэдрэмж, амтах чадвар, ямар боловсруулалт, яаж шарсан бэ гэдгийг сонирхох болжээ.

Монголчуудын кофены хэрэглээ шинэ шатанд

Монголчуудын уламжлалт ундааны соёл цайтай илүү холбоотой. Харин орчин үеийн кофе шопын соёл 2000-аад оноос эрчимжиж, 2010-аад онд кофе шопууд олширсноор кофе хотын өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болж эхэлсэн.

Монголд хийсэн хэрэглээний судалгаануудаас харахад уусдаг кофе одоо ч өргөн хэрэглэгддэг ч кофе шопын хэрэглээ, хандалж бэлтгэсэн кофе, specialty coffee-ийн талаарх сонирхол нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл Монголын кофены хэрэглээ “кофе уух”-аас “кофегоо сонгож уух” шат руу шилжиж байна.

Одоо цагт кофены энгийн үнэ цэнэ нэгэнт бүрэлдэн бий болж. Нэг аяга кофе нэг ширээний ард хүмүүсийг суулгах шалтгаан болсоор байна. Магад кофены соёл дэлхий даяар хүчтэй дэлгэрсэн хамгийн энгийн шалтгаан энэ ч байж болох.

0/1000