УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.10.01) хуралдаж байна. Тус хороо оршуулгын газрыг цэгцлэх өргөдлийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай хэлэлцэж байна. Оршуулгын газрыг цэгцлэх өргөдлийг иргэн Д.Гансаруул 2026.07.14-нд санаачилсан юм. 2026.07.15-2026.08.14-ний хооронд 100.237 хүн үүнийг дэмжиж, гарын үсэг зуржээ.
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын дарга Г.Төгөлдөр:
-Улирал тутамд 20-30 хүний эзэнгүй гэх тодотголтой шарилыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Барууннарангийн энгэр дэх 2.5 га газарт оршуулах зан үйл гүйцэтгэдэг. Үүний зардлыг 2009 оны Засгийн газрын 28 дугаар тогтоолын дагуу нийслэлийн ЗДТГ шийддэг. Энэ оны 9 дүгээр сард энэ зардлыг дахин шинэчилж баталсан. 1 хүн оршуулахад ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал гардаг. Үүнд хайрцаг, хаяг, тээврийн зардал багтдаг.
Талийгаач 36 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгож байгаа. Эхлээд 500 мянган төгрөг байсан бол өнөөдөр 3 сая төгрөг олгож байна. Өөр зардал байхгүй.

