horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Болорсүх: 24.5 тэрбум төгрөгөөр 5 сая литр шатахуун нөөцөлнө

post-img

Засгийн газраас 2026.08.20-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хийв. Эдгээр төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Г.Ганбаатар танилцуулахаар тогтлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн танилцуулснаар манай улс энэ жил дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 20 мянган тонн мах, 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн хүнсний ногоо нөөцлөхөөр төлөвлөжээ. Үүнд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн байв.

2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарынхны цалинг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэхээр ЗГ төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар нэмэх аж. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх:

-Төсвийн тодотголд туссан татаасын хөрөнгийн тухайд гол нь нийлүүлэлтийн үр дүнг хангах зорилготой тул давхардал гарна. Хүнсний зоорь, агуулах шинээр барих хөрөнгө оруулалтын зардлыг үүнд тусгаагүй. Харин бэлэн байгаа хүнс, ногоо зоорийн түрээс, үйл ажиллагааны зардалд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нийтдээ 12 мянган тонн хүнсний ногоо худалдан авахад 26.5 тэрбум, 62 мянган тонн улаанбуудай авахад 80.7 тэрбум, 5 сая литр шатахуун нөөцлөхөд 24.5 тэрбум төгрөг зарцуулна. Гурилын хувьд 3.9 тэрбум, 20 мянган тонн маханд 10.1 тэрбум төгрөгийг хүүгийн татаас, дэмжлэг болгож зарцуулна.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-2026 оны төсвийн тодотголын төсөлд буудайн урамшууллыг 12.7, хүнсний ногооны урамшууллыг 32.6 хувиар бууруулахаар тусгажээ. Инфляцад нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүн болох сүү, буудай, хүнсний ногоо үйлдвэрлэгчид бодит өртгөөрөө ажиллахаар бүтээгдэхүүний үнэ өснө. Үүнийг хэрхэн тооцсон бэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:

-Инфляцад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлдөг. Тийм ч учраас төсвийн тодотголын төсөлд 150 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Энэ нь инфляцын эсрэг авах хариу арга хэмжээний нэг хэлбэр.

0/1000