Прокурорын байгууллага энэ оны 9 дүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 278 хүнд холбогдох 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт (9 дүгээр сарын 21-24) 8 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэв.
Шүүх 12 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 хүний зорчих эрхийг 10 сараас 4 жилээр хязгаарласан бол 6 хүнд 1.5-6.6 жил хорих ял оноосон байна.
Хар тамхины хэрэгт холбогдсон 2 хүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Турк, Польш улсаас Монгол Улсад албадан авчирсан юм. Үүнд зарцуулсан зардлыг уг хүмүүсээс гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ. Польш улсаас хүн албадан авчрах ажиллагааны зардал 12.7 сая төгрөг болжээ. Турк улсаас сэжигтэн албадан авчрахад 18.6 сая төгрөгийн зардал гарчээ. Энэ мөнгийг тэднээс гаргуулж, ЦЕГ-т олгохоор шүүх шийдвэрлэв.

