Зунжин, намаржин үргэлжилж буй шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцэн, өнөөдөр (2026.10.01) иргэд Сүхбаатарын талбайд жагсаж байна. Жагсагчид талбайн хажуугийн замыг хаажээ. Зарим жолооч нар талбайн эргэн тойрны зам дээр машинаа орхин, өөрсдөө урд нь гарч зогсон, эсэргүүцлээ илэрхийлж байна. Зарим жолооч машиныхаа дуут дохиог дуугарган, бухимдлаа илэрхийлж байлаа.
Жагсагчид зам хааснаас шалтгаалж, Энхтайваны өргөн чөлөөний зам Зүүн болон Баруун дөрвөн замын хооронд түгжирч, тэг зогсолт боллоо. Түргэний машиныг шууд явуулж байгаа ч нийтийн тээврийн автобусыг жагсагчид явуулахгүй байгаа юм. Авто замын 1-р эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар Тээврийн цагдаагийн алба жагсагчидтай уулзаж байгаа аж.

Энэ жагсаалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар “Онцгой байдлын байгууллага цаг минуттай уралдаж гал түймэр, гамшиг ослын аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалж ажилладаг. Өнөөдөр иргэд авто зам хааж, жагсаал, цуглаан зохион байгуулахыг олон нийтийн цахим сүлжээгээр уриалж байгаа нь гал түймэр, гамшиг ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд саад учруулах, үүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд аюул дагуулж болзошгүй байна.
Иймд, яаралтай дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж яваа онцгой байдлын байгууллагын шуурхай албаны автомашинд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хүсье!” хэмээн мэдэгдэл гаргав.

