Аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдад өндөр уулын нөхцөлд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх зорилгоор “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
Тус сургалт, дадлагыг Онцгой байдлын газар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн 40 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар оролцож, алба хаагчдад амжилт хүсэв.
Мөн дадлага сургалтын үйл ажиллагаатай танилцахаар Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Амгалан хүрэлцэн ирж, аврах ажиллагаанд ашиглагдаж буй багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зориулалт, ашиглалттай танилцлаа.
Сургалт, дадлага нь Алтанбулаг сумын нутагт орших “Сайханы хөтөл”-д өндөр уулын эрсдэлтэй орчинд эрэн хайх, аврах ажиллагааны арга тактик, техник хэрэгслийн ашиглалт, аврагчдын аюулгүй ажиллагаа болон багаар ажиллах ур чадварыг дадлагаар эзэмшүүлэхээрээ онцлог юм.
Мөн энэ жилийн сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран зохион байгуулж байгаа нь алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцан ажиллагаа, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой.
Сургалт, дадлага 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


