Засгийн газрын 25 тусгай сангаас 21-ийнх нь 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийжээ. Учир нь Хөгжлийн сан, Цагдаагийн хөгжлийн сан, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан, Спортыг дэмжих сан гэсэн 4 сан үйл ажиллагаа явуулаагүй аж. Тиймээс аудитад хамруулаагүй юм байна.
21 сангаас нь нийт 147.8 тэрбум төгрөгийн 121 зөрчил илэрчээ. 0.3 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн 8 акт тогтоож, 130.1 тэрбум төгрөгийн зөрчилд 53 албан шаардлага, зөрчил гаргасан 5 албан тушаалтанд хариуцлага тооцуулах 2 санал хүргүүлж, 17.4 тэрбум төгрөгийн зөрчилд 57 зөвлөмж өгч, 1 асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байв.
Боловсролын зээлийн сан:
Боловсролын зээлийн сангаас 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 258 оюутанд нийт 9.3 тэрбум төгрөг гэрээ байгуулалгүй зээлжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/480, 2023 оны А/408 дугаар тушаалын дагуу 2024-2025 оны хичээлийн жилд гадаадад суралцаж байсан 7 суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй аж. Тэдэнд олгох санхүүжилтийг зогсоосон боловч тус сангаас зээлж авсан 1.1 тэрбум төгрөгийн тооцоо нийлээгүй, эргэн төлүүлэх арга хэмжээ аваагүй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан:
Өмнөх оны ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх шийдвэрийг тухайн төсвийн жилд багтааж, аж ахуйн нэгжүүдэд олгоогүй байна. Холбогдох журмыг зөрчин, 6.4 тэрбум төгрөгийг он дамжуулан 108 аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлжээ.
Улсын авто замын сан:
Нийт 4 гүйцэтгэгчтэй байгуулсан “Улсын чанартай авто зам, замын байгууламжид 2025 онд арчлалт, засварын ажил гүйцэтгэх” гэрээний урьдчилгаа төлбөр 4.4 тэрбум төгрөгийг гэрээнд заасан хугацаанд суутгаагүй байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан:
ЖДҮХС-гаас тайлант онд 324 жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нийт 47.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүнээс 26 зээлдэгчийн 4.1 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, 4 зээлдэгчийн 0.8 тэрбум төгрөгийн зээл хэвийн бус төлөвтэй байв. 2025 онд олгосон зээлийн 10.2 хувь нь чанаргүй зээлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

