Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид хэрэгжиж буй шинэчилсэн сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн, тоглонгоо суралцах арга зүйд тулгуурлаж байгаагаараа онцлог юм. Сурагчдыг сургуулийн орчинд дасан зохицуулах зорилготой нэг сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөснөөр өнөөдрөөс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгаа судалж эхэлж байна.
Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгах нөхцөл бүрдээд байна.
Шинэчилсэн сурах бичиг хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн STEAM боловсролын арга зүйг чухалчилсан байна.


