horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ойн аж ахуй, газар тариалангийн салбарт 17 осол гарч, 2 хүн амиа алджээ

post-img

Хөдөө аж ахуйн салбарт 337 мянга орчим иргэн ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар ойн аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөнтэй холбоотой 17 осол гарч, 2 хүн амиа алджээ. Энэ бол бүрэн тоо биш. Бүртгээгүй осол бас цөөнгүй байдаг тухай 10-р сарын 2-нд УИХ-ын чуулганаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдэд ажлын хэсэг мэдээллээ.

Энэ конвенцод нэгдвэл хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, ялангуяа хяналтын байцаагч нарын чадавхыг энэ чиглэлээр бэхжүүлэх нөхцөл бүрдэх аж. Туслах малчин гэх мэт улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн харилцаа тодорхойгүй, гэрээ байгуулдаггүй. “Монгол Улс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр конвенцод нэгдэхээр олон жил ажиллаж, хууль эрх зүйн орчноо конвенцод нийцүүлэх ажлуудыг хийсэн. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны талаарх хөдөлмөрийн харилцааны асуудлыг албажуулах чиглэлээр зарчмын өөрчлөлтүүд орсон. Одоогийн байдлаар энэ хөдөлмөрийн харилцаанд туслах малчдын асуудлаар хөдөлмөрийн гэрээний загварыг гаргах, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр сургалт, арга зүйн талаар мэдээлэл өгөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Энэхүү конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт албан бусаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарах, мөн салбарын ажиллагсад хөдөлмөрийн байцаагч нараас зөвлөгөө, мэдээлэл авахаас эхлээд олон талаар хамтарч ажиллах боломж нэмэгдэх юм” гэж ажлын хэсэг мэдээлэв.

“Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын 34 мянга орчим иргэн ажиллаж байгаа. Гадаад иргэнийг ажиллуулахдаа аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр төлдөг. Эрх зүйн орчныг шинэчлээд аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг таван салбарын ажиллах хүчнийг дээрх төлбөрөөс чөлөөлсөн. Салбарын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэм сан хөдөлмөр эрхэлдэггүй иргэдтэйгээ тулж ажиллан, 5000 өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, мэргэжилтэй болгох, ажлыг байранд зуучлах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Гадны ажиллах хүчтэй холбоотой асуудлаар бол хуульдаа нийцүүлээд нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг мэдээллээ.

Гадаадад ажиллаж буй Монгол Улсын иргэдийн асуудлыг анхаарч, 8 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулжээ. Одоо Япон Улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж.

0/1000