horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2024 онд зарласан бүх тендерийн 44% нь амжилтгүй болж, дахин зарлажээ

post-img

Оролцогчдод тавих шаардлага, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй холбоотой шалгуур нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тендерт оролцох боломжийг хязгаарлаж байна. Сүүлийн жилүүдэд тендер оролцогч аж ахуйн нэгжийн тоо цөөрч, оролцогчгүй тендерийн тоо олширч эхэлжээ. 2024 онд зарласан нийт тендерийн 44 хувь нь амжилтгүй болж, дахин зарласан аж.

Тендерт оролцох, зохион байгуулахад зардал, цаг хугацаа их шаардагдаж, тендерийг давтан зохион байгуулж байгаа нь төлөвлөсөн ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгааг УИХ-ын гишүүн П.Сайнзориг Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ УИХ-д танилцуулахдаа мэдээллээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүний энэ оны 7 дугаар сарын 2-нд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүнийг хэлэлцэх эсэхийг 10-р сарын 2-нд чуулганаар хэлэлцэв.

Цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй байна. Том төслүүдийн тендер шалгаруулалт, гэрээ байгуулах зохицуулалт уян хатан бус байгааг тэр танилцуулав. Түүнчлэн худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн гэнэ.

Эдгээр хэрэгцээ, шаардлагад үндэслэн холбогдох зохицуулалтыг тусгахад хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орох болсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Энэхүү төслөөр төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан “Төрийн худалдан авах ажиллагааны тухай” хэмээн нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болохоо танилцуулав.

Хуулийн төслөөр худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, оролцогчдын санхүүгийн болон захиргааны ачааллыг бууруулахын зэрэгцээ эх оронч худалдан авалтыг дэмжиж, дотоодын болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг түлхүү тусгажээ. Тухайлбал, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийг тендерээс шууд татгалзах үндэс үндэслэл болохгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санал болгосон дотоодын бараанд давуу нөхцөлөөр үнэлгээ хийх, орон нутгийн үйлдвэрлэл, ажлын байрыг төрийн худалдан авалтаар дэмжих боломжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, нийгмийн оролцоог дэмжих хүрээнд тэдний үйлдвэрлэсэн чанар стандартын шаардлага хангасан барааг шууд худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт, хүртээмжийн шалгуурыг тусгах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн аж ахуй эрхлэгчид худалдан авах ажиллагааны давуу эрх эдлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагаанд чанар, үнийн хосол хослолыг харгалзан гүйцэтгэгчийг сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай хэлбэр цахим хэлбэрээр зохион байгуулах, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэглэх, гомдол, маргааныг байнгын ажиллагаатай зөвлөлөөр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохоо П.Сайнзориг гишүүн танилцууллаа.

0/1000