Санхүүгийн зохицуулах хороо Азийн хөгжлийн банктай хамтран Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум (CMDF)-ын олон улсын бага хурлыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хурлыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, CAREC-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумын даргалагч Т.Жамбаажамц, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ин Мин Ян нар нээж үг хэлсэн бөгөөд CAREC-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум нь бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс орнуудын туршлага, мэдлэгийг харилцан солилцох чухал платформ болохыг онцоллоо.
Хурлаар дэд бүтэц болон хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шилжилтийг эрчимжүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад шаардлагатай урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан бүрдүүлэх боломж, бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн олон улсын туршлага, бодлогын шийдлийн талаар оролцогчид санал солилцов.
Олон улсын бага хуралд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал Мухаммед Эхсан, Японы Санхүүгийн зохицуулагч байгууллагын дэд дарга Сэйичи Ито, Азербайжаны Төвбанкны ерөнхийлөгч Тарлан Расулов, Тажикистаны Үнэт цаас, тусгай бүртгэлийн агентлагийн захирал Нигина Абдурахмонзода зэрэг CAREC-ийн гишүүн орнуудын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын удирдлага, ASEAN-ийн гишүүн орнуудын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Монгол Улсад суугаа Элчин сайд нар, олон улсын болон дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг гадаад, дотоодын 200 орчим зочин, төлөөлөгч хүрэлцэн ирэв.
Тус бага хурал нь бүс нутгийн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалтын туршлагаас харилцан суралцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн уялдаа холбоо болон тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцох боломж бүрдүүллээ. Мөн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ боломж, чиг хандлагыг хэлэлцэж, оролцогч байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бүс нутаг, олон улсын түвшинд таниулах, олон улсын байгууллага, хөрөнгийн зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага, мэдлэг солилцох ач холбогдолтой боллоо.

