horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хуралдаа суудаггүй гишүүдээс усгүй хууль хүлээх хэрэггүй юм байна

post-img

Улсын Их Хурал 126 гишүүнтэй болсон ч хуралдаа ирдэг гишүүн цөөн хэвээр байсаар байна. 2026.10.02-нд 3 байнгын хороо хуралдав.

Төсвийн байнгын хорооны хурал 09:00 цагт эхлэхээр товлосон ч 09:43 цагт арайхийж ирц бүрдэв. Тус хороо 30 гишүүнтэй. Тэдний 16 нь ирж, ирц 53.3 хувьд хүрснээр хуралдсан юм.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 10 гишүүнтэй 11:00 цагт хуралдахаар товлосон уг хуралд 6 гишүүн ирж, 11:15 цагт 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хамтран 11:00 цагт хуралдах хуваартай байв. Эдгээр хороо 56 гишүүнтэй. Үүнээс энэ хуралд 32 гишүүн сууж, 57.1 хувийн ирцтэйгээр 14:08 цагт хурал эхэллээ.  

УИХ-ын чуулган 14:00 цагт 77 гишүүн ирснээр 61 хувийн ирцтэй эхлэв. 09:00 цагт М.Энхцэцэг, Ж.Баясгалан, Б.Мөнхсоёл, О.Амгаланбаатар, Б.Уянга нар ажилдаа иржээ. Бусад нь хоцорсон байв.

Өмнөх өдөр нь ч ийм л байсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй. Үүнээс 2026.10.01-нд 18 нь ирж, 53.1 хувийн ирцтэйгээр хурал эхлэв. Дараа нь 1 гишүүн нэмэн ирж, 19 гишүүн болсноор ирц 59.4 хувьд хүрсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 17 гишүүнтэй. Хурал 9 гишүүнтэй, 53.1 хувийн ирцтэй эхэлсэн.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 30 гишүүнтэй. 14:49 цагт 16 гишүүн ирснээр ирц, 53.3 хувь болж, хуралдах боломж бүрдлээ.

1992 онд 2.2 сая хүнтэй байхдаа Монгол Улс 76 гишүүнтэй парламент байгуулсан. 32 жилийн дараа 3.4 сая хүндээ тохируулан 126 гишүүнтэй болсон. Гишүүдийн тоог ингэж эрс олон болгосныхаа учрыг эрх баригчид тухайн үед “Парламент олон нам, олон ургальч үзлийн төлөөллөөс бүрдэж, чанартай хууль батлах үндэс бүрдэнэ” хэмээн тайлбарлаж байлаа. Гэвч өнөө чанартай хууль алга.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль болох Төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 оны улсын төсвийг дээд тал нь 36 их наяд төгрөг байхаар УИХ-д өргөн барих хязгаартай. Гэтэл Засгийн газар 2027 оны төсвийг нь 43 их наяд төгрөг байхаар өргөн бариад байна. Үүнийг энэ хязгаарт нь бариулах шинж энэ парламентад алга. Өмнөх шигээ Засгийн газар жил бүр Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж өгөхийг УИХ-аас хүсдэг, тэр хүсэлтийг нь парламент хүлээн авч, баталдаг байдал энэ удаад ч давтагдаж эхэллээ. Засгийн газар нь айлын эрх жаал шиг аашилж, УИХ нь хүүхдэдээ үг хэлж чаддаггүй, толгой дээрээ гаргачихсан эх шиг л байна.

УИХ өөрөө ирцээ бүрдүүлж, төслөө олуулаа хэлэлцэж, усыг нь шавхаж чадахгүй байна. Усгүй хууль батлуулах гэж л УИХ-ын гишүүдийн тоог олшруулсан байлтай.

0/1000