Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах тухай гэсэн 2 асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-1994 оноос өмнөх малчдын амьдарч байсан газрыг тусгай хамгаалалтад авсан. Тухайн малчинд газар нутгийг нь хугацаагүй ашиглуулахаар, тэр дундаа гэр бүлийн аль нэг гишүүнд өвлүүлэх хэлбэрээр оруулж өгч байгаа.
Богдхан уул Улаанбаатарт байдаг. Энэ уул дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс. Тэгсэн атлаа суурьшлын бүс болчихсон. Нэгэнт хот суурин үүсчихсэн газарт байгаль хамгаалах зарчим ярих нь утгагүй болчхоод байгаа. Тиймээс “Хот суурин газрын хязгаарлалтын бүс” гэж тусгай зүйл оруулж ирж байна. Үүгээр Богдхан уулын тухайд, ЗГ-т бүрэн эрхийг олгоно. ЗГ менежментийн эрхийг нийслэлийн ЗДТГ-т олгох юм уу, өөсдөө шийдэх юм уу гэдгээ шийднэ.
Богдхан уулын 2900-гаад га талбай суурьшлын бүсэд хамаарч байна. Үүнийг харин тэлэхийг хориглоно. Одоо байгаа бүсдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, хог, зам тавих асуудлыг хуулиар зохицуулна.
Нийт газар нутгийн 20 хувь улсын тусгай хамгаалалтад, 21 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалтад байгаа. Үүнийг үндэсний сүлжээ болгоно. Үлдсэн газар нутгийг нэн шаардлагатай бол тусгай хамгаалалтад авах асуудлыг хөндөнө.

