Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Л.Насанбуян Цогт сумын засаг дарга ажиллаж байхдаа орлогч Т.Сүхбаатар, Тамгын газрын дарга Д.Эрхэмбаяр, нягтлан бодогч Ц.Алтанзагас нартай бүлэглэн, 2016 онд үлийн цагаан оготно устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 сая төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулсан байна. Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгожээ. 2021 онд тариалан эрхэлдэггүй, төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 40 сая төгрөг гаргуулан, өөртөө авчээ. Ингэхдээ Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдсэн аж. Түүнийгээ хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт холбогдоод байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ), 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Энэ хүмүүст холбогдох хэргийг шүүх хурал олон удаа хойшилж, мөрдөн байцаалтад буцааж байв. Л.Насанбуян:
- 2008-2012 онд Цогт сумын Рашаант багийн засаг дарга,
- 2012-2016 онд Цогт сумын ИТХ-ын дарга,
- 2016-2020 онд Цогт сумын засаг дарга,
- 2020-2021 онд аймгийн ХХААГ-ын дарга,
- 2021-2024 оноос Цогт сумын засаг дарга,
- 2024.10.21-нээс Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.

