horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ямааны годрон гарсан 2 аймгийн 3 суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

post-img

Ямааны годрон өвчин 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна. Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байна.

Өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, 9 хяналтын постод 72 алба хаагч ажиллуулан мал, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж байна. Голомт, хашаа хороо, тээврийн хэрэгслийн 27,200 м² талбайд халдваргүйтгэл хийж, сэжигтэй болон эрсдэлтэй малаас сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулсан талаар ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА

Мэргэжлийн байгууллагын тархвар зүйн тандалт, малын шилжилт хөдөлгөөний мөрөөр хийсэн судалгаагаар “Саятан сүрэг дэлгүүр” цахим хуудсаар “Арвас” нэрээр борлуулсан үржлийн ухна өвчний голомтуудтай холбоотой бөгөөд халдварын эх үүсвэр болсон байх магадлалтай гэдэг урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Түүнчлэн уг ухныг үржлийн мал өсгөх, худалдан борлуулах зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдсон.

Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна. Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээд, халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.

Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл байна. Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл юм.

БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР МАЛ УСТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ

Хяналт шалгалтаар мэргэжлийн байгууллагын заавар, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн нь тогтоогдвол холбогдох удирдлага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох ёстой. Хорио цээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулах, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл ойшоох нь хуулийн хариуцлага хүлээлгэх үйлдэл юм.

Зориудаар устгасан малын нөхөн төлбөр, өвчинтэй тэмцэхэд гарсан зардлыг хуульд нийцүүлэн өвчин гарах нөхцөл бүрдүүлсэн этгээд эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдвол устгалын нөхөн төлбөр, учруулсан хохирлыг буруутай этгээдээр хуульд заасан журмын дагуу төлүүлэх. Ингэснээр өвчний улмаас малаа устгуулсан малчин, иргэдийн хохирлыг барагдуулж, буруутай этгээдийн хариуцлагыг тодорхой болгоно. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийг шалгуулж, хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээ авна.

Малчид, мал бүхий иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, малаа бусад сүрэгт нийлүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхааруулж байна. Үржлийн мал худалдан авах, тээвэрлэхдээ гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээг заавал шаардаж, шинэ малаа сүрэгт нийлүүлэхээс өмнө малын эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй.

0/1000