Google-ийн толгой компани “Alphabet” АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэгч “Constellation Energy” компаниас цөмийн эрчим хүч худалдан авах 1 тэрбум ам.доллароос дээш үнийн дүнтэй, олон жилийн гэрээ байгуулахад ойртсон талаар Bloomberg мэдээлжээ.
Уг гэрээгээр Google хиймэл оюунд суурилсан мэдээллийн төвүүдийнхээ өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг тогтвортой эх үүсвэрээр хангах зорилготой байна. Гэрээг энэ долоо хоногт зарлаж болзошгүй ч хоёр компани одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Хиймэл оюуны тооцоолол, мэдээллийн төвүүдийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор технологийн компаниуд цөмийн эрчим хүчийг урт хугацааны, тасралтгүй цахилгаан хангамжийн эх үүсвэр болгон сонгох хандлага нэмэгдэж байна. Цөмийн эрчим хүч нь цаг агаарын нөхцөлөөс үл хамааран тогтвортой цахилгаан үйлдвэрлэдэг бөгөөд нүүрстөрөгчийн ялгарал багатай эх үүсвэрт тооцогддог.
Google өмнө нь мөн цөмийн эрчим хүчний салбарт хэд хэдэн урт хугацааны гэрээ байгуулсан. Тухайлбал, өнгөрсөн онд “NextEra Energy”-тэй тохиролцож, Айова мужийн 615 мегаваттын хүчин чадалтай “Duane Arnold” атомын цахилгаан станцыг дахин ажиллуулах төслийг дэмжин, үйлдвэрлэх цахилгааныг 25 жилийн хугацаанд худалдан авахаар болсон.
Энэ нь хиймэл оюуны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд технологийн компаниуд цөмийн эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт, худалдан авалтыг нэмэгдүүлж буйн нэг жишээ болж байна.


