Оросын тал Украины дронууд Оросын хяналтад байгаа Запорожийн атомын цахилгаан станцын хоёр байгууламжид даваа гарагийн шөнө халдсан гэж мэдэгдэв. “Росатом”-ын тэргүүн Алексей Лихачёвын мэдээлснээр, халдлагын бай нь лабораторийн барилга болон цацраг идэвхт хаягдал боловсруулах байгууламж байсан бөгөөд станцын ажилтнуудад хүнс хүргэж явсан жолооч амиа алдсан байна.
Оросын тал халдлагын улмаас цөмийн аюулгүй байдалд заналхийлэл учраагүй гэж мэдэгдсэн бол Украины тал уг мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. Запорожийн атомын цахилгаан станц сүүлийн долоо хоногуудад гаднын цахилгаан хангамжийн шугамд учирсан гэмтлийн улмаас одоогоор нөөц дизель генератороор цахилгаан авч байгаа аж.
Европын хамгийн томд тооцогддог тус станц зургаан реактортой бөгөөд Оросын тал 2022 онд хяналтаа тогтоосноос хойш Москва, Киев цөмийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэлд бие биеэ тогтмол буруутгаж ирсэн юм.
Мөн станц одоогоор цахилгаан үйлдвэрлэхгүй, хөргөлтийн системээ ажиллуулахын тулд гаднаас цахилгаан хангамж авах шаардлагатай байгаа аж.


