Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ 11:29 цагт 65.6 хувийн ирц хуралдаж, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1,7 тэрбум төгрөгийн орлого олно гээд төлөвлөж. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2,4 тэрбумын орлого олдог байсан бол одоо 1,7 болж буурч. Тийм атлаа төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд 119.8 тэрбум төгрөгөөр бусдаас объект түрээслэх юм байна. Бид өөрийн хөрөнгөө өөрөө ашиглаж болдоггүй юм уу?
Төр өөрөө хөрөнгөө метр квадратыг нь 50 мянгаар түрээслүүлдэг. Өөрөө түрээслэхээрээ 170 мянган төгрөг төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ?
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны 1 сараас эхлэн нэгтгэн 17 болгоод оффис түрээсийн зардлыг бууруулаад явж байгаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр:
-Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн 3 жилийн хугацаанд огцом тэлсэн байна. Засгийн газар энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг нь шалгаад, Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн 7 дугаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн судалгааны хүрээнд өнгөрсөн 7 дугаар сард улсын төсөвт 22 үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон.
Хамгийн өндөр түрээстэй нь ИНЕГ, шүүхүүд байна. Мөн гадаад улсад суугаа манай ЭСЯ, консулын газрууд байна. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байгаа шүүхийн 3 байрны асуудлыг шийдвэрлэсэн.

