Ойрх Дорнодод үргэлжилж буй дайны улмаас олон улсын газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, Европын тээвэр, ложистикийн сүлжээнд дарамт нэмэгдэж байна. Унгарын Будапештийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Supernova Intertrans” компанийн ерөнхий менежер Балаз Верешийн хэлснээр, түлшний үнэ өсөхөөс гадна дизель түлшний хомсдол үүсэж, жолоочийн дутагдал салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Тус компани 200 орчим ачааны автомашинтай бөгөөд Унгарын олон улсын ачаа тээврийн томоохон компаниудын нэг юм. Верешийн мэдээлснээр, сүүлийн таван жилд Унгарт 2300 орчим компани дампуурч, эсвэл тээврийн үйл ажиллагааны зөвшөөрлөө буцаан өгч, дотоодын болон олон улсын ачаа тээврийн зах зээлээс гарчээ.
Тэрээр ялангуяа жижиг, дунд хэмжээний компаниуд түлшний үнийн хямралд илүү хүчтэй өртөж байгааг онцлоод, Европын тээврийн салбарт мянга мянган жолоочийн дутагдал үүсээд байгааг хэлсэн байна. Мөн есдүгээр сарын эхнээс ачаа тээврийн идэвх бага зэрэг сэргэж эхэлсэн ч түлшний хямрал болон удаан үргэлжилж буй дайны нөлөө Европын эдийн засагт хүчтэй дарамт болж байна гэжээ.


