Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду дасгалжуулагч Жорже Жезусыг өөрт нь өгсөн амлалтаа хоёр удаа зөрчсөн гэж буруутгаж, улмаар Дани улсын эсрэг тоглолтын өмнө шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхисон талаарх байр сууриа тайлбарлав. 41 настай Роналдугийн хэлснээр, анх Норвеги, Данийн эсрэг тоглолтыг өнжиж, биеийн байдлаа зохицуулах тохиролцоотой байсан ч Норвегийн эсрэг тоглолтын үеэр 30 минут тоглуулна гэж Жезус хэлжээ.
Гэвч Роналду хоёрдугаар үеэс эхлэн бие халаалт хийсэн ч талбайд гараагүй бөгөөд үүнийг дасгалжуулагчийн өгсөн амлалтаа зөрчсөн анхны тохиолдол гэж үзсэн байна. Дараа нь болсон уулзалтаар Жезус дараагийн хэвлэлийн бага хурлаар болсон явдлыг тайлбарлахаар тохирсон боловч дасгалжуулагчийн олон нийтэд өгсөн тайлбар нь тэдний хувийн тохиролцоотой нийцээгүй гэж Роналду мэдэгджээ.
“Энэ бол түүний миний өмнө өгсөн амлалтаа хоёр дахь удаагаа зөрчсөн явдал байсан. Тиймээс дахин амлалт зөрчихийг хүлээлгүйгээр шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхихоор шийдсэн” гэж тэр хэлсэн байна. Харин Жезус өнгөрсөн ням гарагт Норвегийг хожсоны дараа Роналдутай ямар нэгэн тохиролцоо хийсэн гэдгээ үгүйсгэсэн ч түүнийг шигшээ багтаа эргэн ирэх боломж нээлттэй хэвээр байгааг хэлжээ.
Роналду мөн Норвегийн эсрэг тоглолтын дараа хөгжөөн дэмжигчидтэй мэндчилэлгүй явсан болон багийн нөхдөө орхисондоо уучлал хүсэж, өөрийн үйлдлийн шийтгэлийг Португалын Хөлбөмбөгийн холбоо шийдэх ёстойг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ ямар нэгэн шийтгэлээ эдэлсний дараа клубийнхээ төлөө тоглож, биеийн хувьд эрүүл байвал Португалын шигшээ багт үргэлжлүүлэн тоглож, ялалтын төлөө өрсөлдөхөд бэлэн гэдгээ онцолжээ.


