ОХУ-ын Эрхүү мужид шалтгаан нь тодорхойгүй уушигны халдвараар хүн нас барсантай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ. Үүгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “Бага” гэж үнэлсэн байна.
ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2026.10.02-ноос гарсан. Үүнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төв тус хүрээлэнд хандаж, албан ёсны мэдээлэл хүсжээ. ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба уг эмэгтэйн амиа алдсан шалтгааныг хянан шалгаад тарваган тахлын сэжиг илрээгүй манай улсад мэдээлжээ.
ОХУ-ын “РИА Новости” агентлаг 2026.10.04-нд дараах мэдээллийг дурдсан байна. Үүнд:
• ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй болохыг мэдээлсэн.
• Хяналт, шалгалтын дүнд ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборантын эрхэлж байсан ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд өвчтөнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан байна.
• Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутагт эрүүл ахуй-халдвар судлалын нөхцөл байдал тайван байна.
• “Биоаюулгүй ажиллагааны шаардлагын биелэлтэд хяналт тавьж ажилласан комиссын дүгнэлтэд үндэслэн “Эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон” гэж хяналтын байгууллага мэдэгдсэн байна.

