Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд 08:30 цагаас товлосон “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол одоо болтол эхлээгүй байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм.
Шинжээч:
-Эпштэйнтэй нэр холбогдсон Монгол Улсын иргэдийн дунд Ц.Элбэгдорж гэдэг нэр олонтаа дурдагдаж байгаа. Анх Ц.Элбэгдорж, Эпштэйн нар хаана, хэзээ уулзсаныг дэлгэц дээр харагдаж байна. Энэ бол АНУ-ын Хуульзүйн яамны нээлттэй мэдээллийн санд бий.
АНУ, Канадын тэрбумтан Морт Зукерман 2013.09.23-ны 20:30 цагт Нью-Иоркт зохион байгуулсан хүлээн авалтад Ц.Элбэгдорж очсон байна. Тэр үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар АНУ-ын НҮБ-ын Ерөнхий амсемблейд оролцохдоо Эпштэйнтэй уулзсан гэдгээ өөрөө дараа нь Эпштэйний мэдээлэл гарсны дараа мэдэгдсэн.

Монгол Улсын иргэн Ч.Ганбат гэдэг хүн Борис гэдэг хүнтэй хамт Эпштэйнтэй уулзахаар товлосон байна. Эпштэйн тэр үед өөр уулзалттай байсан ч түүнийгээ цуцлаад энэ уулзалтад очихоор болжээ. Ганбат гэдэг хүн бол хөрөнгө оруулагч, “Леберти партнерс” компанийг үүсгэн байгуулагч.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013, 2015 онд Эпштэйнтэй нийт 2 удаа уулзжээ. Анхны уулзалтад Эхүд Барак гэж Израилын Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүн очсон байна. Терье Пержи Ларсен гэж Нервегийн дипломатч бас байжээ.

Энэ уулзалт болсон өрөөнд 1 самбар бий. Тэнд бичигдсэн үгс нь анхаарал татахаар байна. Банк, хүүхэд, өр гэсэн үгс энэ самбарт бичсэн байна.

2015.09.18-ны орой 2 дахь уулзалт болжээ. Энэ уулзалтад 8 хүн оролцохыг Эпштэйний туслах түүнд сануулсан байна. Пүрэвсүрэн 2013 онд Ерөнхийлөгчийн зөвлөх байсан бол 2015 онд Гадаад хэргийн сайдын хувиар энэ уулзалтад оролцжээ. Энэ уулзалт шөнө дамнан болсон.
Маргааш нь Эпштэйн 2 хүнд захидал бичсэн нь анхаарал татаж байна. “Эдмон Ротшильд” банкны захирал Ариен де Ротшильдэд бичсэн мэйлдээ Эпштэйн “Монгол Улсын Ерөнхийлөгч дэд бүтцийн сан байгуулах дэмжлэг хүсэж байна” гэхэд Ариен де Ротшильд “Чадна” гэжээ.
Эпштэйн дараа нь Дэвид Блэйн гэж хүнд захидал бичээд, “Өчигдөр орой чи хэдэн гайхалтай охидтой уулзах боломжоо алдлаа шүү” гэж бичсэн байна.
АНУ-ын Хуульзүйн яамны нээлттэй мэдээлэл дунд энэ мэдээлэл бий. 2017.04.29-нд бичсэн захидалдаа “Би нөгөө монгол охидтой хэд хэдэн удаа визний асуудлаар ярилцлаа. Би нэг зүйлд гайхаад байна. Эцэг эх нь явуулахгүй байх шиг байна” гэж бичжээ. 5 хоногийн дараа “Тэр охин визэнд орохгүй гэнэ. Өөр нэг монгол охин байна. Загвар өмсдөг юм байна” гэж бичжээ. Тухайн хүн “14-нд Парист очоод, 16-нд дахиад зураг авалттай боллоо. Өнөөдөр чамд цаг гаргаж чадахгүй нь. Тун удахгүй нөгөө монгол охинтой хамт Нью-Иоркт очно” гэж бичжээ.
Энэ мэдээллээс үзвэл монгол охин Эпштэйний сүлжээнд татагдсан байж болзошгүй байна. Үүнийг цагдаа, тагнуул шалгах шаардлагатай.

УБЕГ-ын 2026.09.12-нд ирүүлсэн бичгээс үзвэл Ц.Элбэгдорж, түүний эхнэр Х.Болормаа, Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар нар 2007.03.15-нд “Хүүхдийн ирээдүй хөгжлийн гарц сан” ТББ-ыг үүсгэн байгуулсан байна. 2011.03.29-нд уг ТББ-аа сан хэлбэрээр дахин бүртгүүлж, 4-р сарын 19-нд хүүхэд асрах төвийн эрхийг 1 жилийн хугацаатай авчээ.
Уг эрхийг 2011.04.19-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг эрхийг нь 1 жилээр сунгасан байна. Ердөө 1 жилийн хугацаатайгаар эрх авчээ.
Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан “Болор сан” төв нь “Өнөр бүл” төвөөс 2010 онд 22, 2012 онд 2 хүүхэд авчээ. Эдгээр хүүхдийг “Болор сан” асрамжийн төвд шилжүүлж, төрсний гэрчилгээг нь хүлээлгэн өгсөн байна. Энэ хүүхдүүд одоо хаана байна гэдгийг шалгахад 4 хүүхэд хилээр гарчээ. Бусад хүүхдийн хилээр гарсан тухай мэдээллийг ГИХГ, УБЕГ ирүүлээгүй.
Эдгээр 24 хүүхдийн 11 нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 5 нь сургуулиас хасагдсан. 7-г нь өөр тийш шилжүүлсэн. 1 хүүхдийн боловсролын мэдээлэл байхгүй.
Бүртгэл, оршин суугаа байдлыг нь шалгавал 1 хүүхдийн РД нь УБЕГ, ЦЕГ-ын бүртгэлд зөрүүтэй байна. 1 хүүхэд сураггүй алга болсон. Хаяг нь бүртгэлгүй. Хурууны хээ нь УБЕГ-т байхгүй.

Эпштэйн болон түүнтэй холбоотой хүмүүсийн бэлгийн дарамтад монгол хүүхдүүд өртсөн үү гэдгийг шалгалаа. Эпштэйн, АНУ-ын онолын физикч, Аризонагийн их сургуулийн профессор Лауренс Краусс нарын хоорондоо бичсэн захидлыг хянахад Лауренс Краусс “Монголоос хэн нэг нь надад гомдол гаргалаа гэхэд их сургууль энэ асуудлаар намайг ажлаас чөлөөлнө гэж би бодохгүй байна” гэж итгэлтэйгээр бичжээ.
Элбэгдорж Эпштэйнтэй уулзсан, шууд болон шууд бус харилцаатай байсан нь харагдаж байна. Түүний үүсгэн байгуулсан хүүхэд асрах төв бүрэн үйл ажиллагаа явуулаагүй нь баримтаас харагдаж байна. Эпштэйний мэйлүүдэд монгол охид 4 удаа дурдагдлаа. Лауренсын хохирогч нь монгол охин байсан нь тогтоогдлоо.

