Ургац хураалт улсын хэмжээнд ид үргэлжилж байна. Манай улс 10 дугаар сарын 6-ны байдлаар дараах хэмжээний ургац хураан аваад байна. Үүнд:
- 243.3 мянган га талбайгаас 338.5 мянган тонн үр тариа,
- 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс,
- 9.3 мянган га-гаас 138.4 мянган тонн хүнсний ногоо,
- Малын тэжээл 45.4 мянган га-аас 124.1 мянган тонн,
- Тосны ургамал 27.6 мянган га-аас 14.6 мянган тонн
Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд үр тариа цэвэрлэх 1058 ширхэг тоног төхөөрөмж, төмс, хүнсний ногоо хураах 453 тоног төхөөрөмж ажиллаж байна.
Улсын хэмжээнд энэ онд нийт 580.4 мянган га талбайд тариалалт хийжээ. 369.7 мянган га-д үр тариа тарьсны 317.9 мянган га нь улаанбуудай.
12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал суулгасан байна. Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураах төлөвтэй. Үүний 497.1 мянган тонн нь улаанбуудай. 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээл хураан авах төлөв гарсан.
Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургац хураахад туслах хүн хүчний захиалга судалгааг авсан юм. Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 421 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 645 сонсогч, хил хамгаалах байгууллагаас 135 цэрэг, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 1554 цэрэг, Үндэсний батлан хамгаалах их сургуулиас 676 сонсогч, байнгийн 21500, түр ажилчид 393, нийтдээ 25324 хүн ургац хураалтад оролцож байна.

