Microsoft компани хиймэл оюуны код бичих загварыг хувийн компьютерт шууд ажиллуулах боломжтой шинэ технологи болон хиймэл оюуны агентуудыг зөвшөөрөлгүйгээр мэдээлэлд нэвтрэхээс хамгаалах Microsoft Execution Containers (MXC) системийг танилцууллаа.
Тус компани Сан-Франциско хотод болсон арга хэмжээний үеэр Nvidia-ийн Spark чипээр ажиллах өндөр хүчин чадалтай Surface Laptop Ultra компьютераа мөн танилцуулсан бөгөөд үнэ нь 2599 ам.доллараас эхэлж, 5899 ам.доллар хүрэх юм.
Microsoft Windows үйлдлийн системийг хиймэл оюуны агентууд код бичих, бизнесийн нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх зэрэг үйлдлийг хэрэглэгчийн компьютер дээр шууд хийх платформ болгохыг зорьж байна. Ингэснээр одоогоор Azure-ийн үүлэн тооцооллын дата төвүүдэд хийгдэж буй зарим ажлыг өндөр хүчин чадалтай хувийн компьютерт шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Шинэ MXC технологи нь хиймэл оюуны агентуудыг компьютер дахь мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, хэрэглэгчийн зөвшөөрөөгүй үйлдэл хийхээс хамгаалах бөгөөд Anthropic, OpenAI, Nvidia уг технологийг ашиглахаар болжээ. Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла “ширээний компьютерийг агентууд ажиллах хамгийн аюулгүй орчин болгох шаардлагатай” гэж онцолсон байна.
Гэвч хиймэл оюуныг компьютер дээр шууд ажиллуулах өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийн үнэ нэмэгдэж байгаа нь хэрэглээг өргөжүүлэхэд сорилт болж байна. Тухайлбал, 128 ГБ санах ойтой, 20 цөмт процессор бүхий Surface Laptop Ultra 5899 ам.долларын үнэтэй байх бөгөөд санах ойн чипийн үнийн өсөлт төхөөрөмжийн өртөгт нөлөөлж байна.


