АНУ-ын Корнеллийн их сургуулийн оюутнууд аравдугаар сарын 7-нд долоон цагийн турш суулт хийж, Jane Doe гэх нэрээр нэхэмжлэл гаргасан эмэгтэйн бэлгийн хүчирхийллийн хэргийг шударгаар шийдвэрлэх, их сургуулийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг шаардлаа.
Оюутнууд “Хүчирхийлэгчдийг хамгаалахаа зогсоо”, “Jane Doe-д шударга ёс” гэсэн бичигтэй лоозон барин цугларчээ. Jane Doe өнгөрсөн сард гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны аравдугаар сард Корнеллийн Chi Phi оюутны холбооны хэд хэдэн гишүүн өөрийг нь мансууруулах бодис, согтууруулах ундаагаар хэрэглүүлж, улмаар ухаангүй болсон үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдүүлсэн байна.
Тэрээр хэдэн долоо хоногийн дараа цагдаад мэдээлсэн бөгөөд их сургууль болон хууль сахиулах байгууллагаас шалгалт явуулсан ч орон нутгийн прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Корнелль их сургууль тус холбооны салбарыг хааж, зарим оюутныг сургуулиас хөөх зэрэг арга хэмжээ авсан боловч нэхэмжлэлд зарим холбогдогчдод эсрэгээр шийтгэлээ хөнгөрүүлэх боломж олгосныг шүүмжилсэн байна.
Харин нэр холбогдсон эрэгтэйчүүд буруутай үйлдэл хийснээ үгүйсгэж, зарим нь бэлгийн харилцаа харилцан зөвшөөрсөн байсан гэж мэдүүлжээ. Их сургуулийн ерөнхийлөгч Майкл Котликофф “бид илүү сайн ажиллах ёстой” хэмээн мэдэгдэж, оюутны холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээ зарласан байна. Мөн тус сургууль АНУ-ын Хууль зүйн яамны ахлах албан тушаалд ажиллаж байсан хуульчийг хөлслөн, бэлгийн хүчирхийллийн талаарх гомдлуудыг хэрхэн шийдвэрлэсэнд хараат бус үнэлгээ хийлгэж эхэлжээ.
Корнеллийн Их сургуулийн багш нарын сенат аравдугаар сарын 14-нд Котликоффт итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоол хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд зарим жагсагч түүнийг огцрохыг шаардсан байна. Мөн тус сургуулийн төгсөгчид захиргааны үйл ажиллагааг шүүмжилж, хандив өгөхөө зогсооно гэж мэдэгджээ.


