horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Замын цагдаа хөдөлгөөн зохицуулдаг биш, торгодог, төсөв бүрдүүлдэг газар боллоо

post-img

Улсын прокурорын ерөнхий газрын мэдээллээр энэ оны 1-9 дүгээр сард цагдаа, гааль, даатгал, татварынхан 7.100.262 хүн, 302.226 хуулийн этгээдийг нийт 202 тэрбум 354 сая төгрөгөөр торгожээ. Үүнээс 110 тэрбум 637 сая төгрөгийг нь төлсөн байна. Маш их тоо. Торгуулсан хүн нь ч, торгосон мөнгөний хэмжээ нь ч дэндүү. 3.59 сая хүнтэй Монголд 7.1 сая хүн торгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ? Монгол хүн бүрийг хөгшин хөвөөгүй бүгдийг нь 2 удаа торгосон гэсэн үг. Манай улс 18 нас хүрсэн хүнд жолоочийн үнэмлэх олгодог. Тэгэхээр 1.3 сая хүүхдээ хасвал 1 хүнийг 3-4 удаа торгосон болж таарав.

ҮСХ-ны мэдээллээс үзвэл манай улсад 2025 оны байдлаар 263.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 116.8 мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Бүх аж ахуйн нэгжээ манай төр 2 удаа торгосон байх нь. Иргэн бүрээ толгой дараалан, аж ахуйн нэгжүүдээ бүртгэлээр нь хөөгөөд бүгдийг нь торгожээ.

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд энэ оны эхний 9 сард  нийт 7.415.455 зөрчил бүртгэгдсэнийг УПЕГ мэдээллээ. Үүгээр бол монголчууд зөрчил гаргах нь олширч, өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өсжээ. Яагаад тэр вэ?

Нийт зөрчлийн 89.8% нь нийслэлд, 10.2% нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн байгууллагыг нь харвал бүх зөрчлийн 99.6 хувийг цагдаа шалгасан бол 0.4 хувийг нь Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, бусад байгууллага шийдвэрлэсэн байв.

Цагдаад торгуулдаг нь голдуу иргэд. Тэр дундаа жолооч нар. Жолоочийн үнэмлэхтэй 1.2 сая хүнээрээ тооцвол жолооч бүр 6 удаа торгуулжээ. 9 сарын хугацаанд шүү дээ. Жолооч бүр бараг сар бүр торгуулдаг байх нь. Тэр дундаа Улаанбаатарын жолооч нар. Гарсан бүх зөрчлийн 7.301.026 (98.5%)-г газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдсэнийг харвал замын цагдаа, замын камерууд торгуулийн хуудас үйлдвэрлэж байгаа нь илт.

Жолооч нар үнэхээр дүрэм ингэж их зөрчдөг гэж үү? Би бол “Үгүй” гэж хэлнэ. Надтай бараг жолооч бүр санал нэгдэх байх. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Үнэнийг шулуухан хэлье.

Улаанбаатарын авто замууд дээр 2011 оноос эхэлж, 200 гаруй камер суурилуулан, жолооч нарыг хянаж эхэлсэн. Тэр үед замын цагдаа нар арай ч ингэж торгуулийн хуудас үйлдвэрлэдэггүй байлаа. Харин 2024 онд нийслэлийн 176 уулзвар, гарц, зам дээр 2600 гаруй камер нэмж суурилуулж, 9 дүүргийн засаг даргын дэргэд Теле камерын хяналтын дэд төв байгуулан, нийслэлд Теле камерын нэгдсэн удирдлагын төв бий болгон, 2025 оны 1-р сард нээсэн юм. Энэ камерууд тэр үеэс жолооч нарын эрлэг, эрх баригчдын халаасыг зузаалагч болоод байна.

Улаанбаатар хотод 2024-2031 онд хэрэгжүүлэх 16 мега төслийн 4-ийг нийтийн тээвэр, 3-ыг нь авто замын салбарт хэрэгжүүлнэ.

Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл:

  1. Метро
  2. Тусгай замын автобус
  3. Хөнгөн галт тэрэг
  4. Дүүжин тээвэр

Эдгээрийг хэрэгжүүлэхэд 11.4 их наяд төгрөг шаардлагатай.

Авто замын салбарт хэрэгжүүлэх төсөл:

  1. Тойрог зам
  2. Олон түвшний уулзвар
  3. Туулын хурдны зам

Эдгээр 7 төсөлд 8.6 их наяд төгрөг зарцуулна. Үүний 17%-ийг нь нийслэлийн төсвөөс гаргана. Хамгийн ноцтой нь төсвөөс гэх нэртэй 4 их наяд 862 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ ард иргэдийг торгох, хураамж авах аргаар олохоор тооцсоныг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2026.06.15-нд зохион байгуулсан “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр шинжээч ил болгосон юм.  

Замын цагдаа, татварын байцаагч нараа хотын дарга сайн ажиллуулж, иргэдийнхээ халаасыг ямар нэг аргаар ухан, байгаа мөнгийг нь хууль, дүрмээр далайлган авах замаар энэхүү тэнгэрийн төслүүдээ хэрэгжүүлж байгаа юм билээ. Үүний бодит илрэл нь нийслэлийн ИТХ тээврийн хэрэгслийн татварыг 3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмж, 2025.01.01-нээс мөрдүүлсэн явдал.

Яг үүнтэй зэрэгцүүлээд нийслэлийн авто замын уулзвар, гарц, гэрлэн дохио бүр дээр тавьсан AI камер нь энэ байтугай мөнгийг нийслэлийн төсөвт оруулж, түүнийг нь нийслэлийн удирдлагууд хурууныхаа салаагаар урсгаж эхлээд байна. Одоогоор баригдсан нь Т.Даваадалай, Т.Мөнхдалай нар.

Камеруудаа AI болгож, тоог нь олшруулахтай зэрэгцүүлэн Тээврийн цагдаагийн албаны дэргэд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар гэх шинэ нэгж байгуулсан юм. Энэ нэгжийн 319 цагдаа 1-р эгнээгээр явсан, хориглосон газарт машинаа тавьсан, үргэлжилсэн шугам давж эргэсэн жолооч нарт дүрэм сануулж, эргүүл хийх үүрэгтэй. Гэвч тэд юу хийж байгааг бүү мэд. Замын цагдаа л олширч, гэрэл дохиотой явган хүний гарцан дээр зогсож байдаг болсон. Автобусанд яарсан, ажлаасаа хоцрохгүйг хичээсэн хүмүүсийг зогсоогоод, машин явуулдаг хүмүүс л байдаг.

Энэ байгууллагад ийм олон хүний хэрэг бий юү? Тэдэнтэй тэдэнгүй ажлыг нь камер хийж, жолооч нарыг заавал торгож, дарга нарын шаардсан төсвийг бүрдүүлж байна. Замын цагдаа, камер хоёр уг нь замыг түгжрэлгүй байлгах үндсэн ажилтай. Зам дээрх машиныг аль болох хурдан явуулж, замаас гаргах нь тэдний үүрэг. Жолооч зорьсон газартаа очвол машин замаас гарна. Үүнийг манай цагдаа нар мэддэг ч жолоочийг торгох, төсөвт мөнгө оруулах даалгавраа бодоод, машиныг замаас хурдан гаргах ажлаа хийдэггүй. Баруун тийш эргэх жолоочийг түгжрэлээс гарч, 1-р эгнээнд ормогц торгодог. Торгохын тулд камераа яг орц, гарцан дээр байрлуулахыг яана. Заавал торгохын тулд тэр шүү дээ.

Уг нь баруун эргэх жолоочийг хурдхан эргүүлээд, тэр замаас гаргавал 1 ч болов машинаар түгжрэл багасах биш үү? Тэр нь үнэхээр ухаалаг камер мөн л бол 2-р эгнээнээс гарч, 1-р эгнээнд орсон машиныг баруун эргэвэл торгохгүй явуулж, уулзвар орцоор баруун эргэхгүй чигээрээ явбал торгодог байх ёстой. Гэвч тэр камерыг торгохын тулд л байрлуулсан болохоор ухаалаг программынх нь ухааныг унтраачихсан. Эсвэл ухаалаг гэж төсвөөс их мөнгө аваад, ухаангүй камер оруулж ирж, мөнгө идсэн.

Тэгвэл өнөө жил Монголын төр иргэдээ торгож, 173 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Энэ бол өнгөрсөн жилийнхээс 44.2 тэрбум төгрөгөөр (34.6%) их мөнгө шүү, монголчууд аа!  

Замын цагдаа, гааль, татвар гэх мэт байгууллагад “Төсөвт оруулах торгуулийн орлого” хэмээн мөнгөний тоо заасан төлөвлөгөө урьдчилан гаргаж өгдөг. Энэ бол “Иргэдийг заавал торго” гэсэн тушаал. Тэгээд л замын цагдаа нь, гаалийн байцаагч нь бүгд ажлаасаа халагдвал жирийн иргэн гэдгээ мартаад, үүрд дүрэмт хувцас өмсөх мэт аашилж, торгуулийн хуудсаа робот аятай үйлдвэрлэдэг. Төсөв бүрдүүлсэн гээд Х.Нямбаатар нийслэлийн Татварын газрын дарга нарыг  Дубайд аялуулсан нь үүний баримт.

2002 онд Монгол Улсын төсөвт орсон татварын бус орлогын 8%-ийг торгууль эзэлж байсан бол одоо 2 дахин нэмэгдэж, 16% болжээ. 2021 онд нийслэлийн төсвийн 5%-ийг торгуулиар бүрдүүлсэн бол 2025 онд 22% болж, нэмэгджээ. Хүү, торгуулийн орлогоос 2023, 2024 онд нийт 322 тэрбум 676 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр тооцсон ч 361 тэрбум 173 саяыг төвлөрүүлсэн байна. Үүний 97.2% буюу 351 тэрбум 95 сая төгрөг нь орон нутгийн төсөвт, 2.8% буюу 10 тэрбум 78 сая төгрөг нь улсын төсөвт оржээ.

Тэгвэл өнөө жил Монголын төр иргэдээ торгож, 173 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Энэ бол өнгөрсөн жилийнхээс 44.2 тэрбум төгрөгөөр (34.6%) их мөнгө шүү, монголчууд аа!  

0/1000