“2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэж цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тогтоосон. Уг заалтыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан. Иргэдэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгснөөр 43 гомдлыг хүлээж авах боломжтой болно. Эдгээр хүмүүст нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах юм. Энэ мөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2027 оны төсвийн төсөл хэлэлцэж буй энэ үед эхний ээлжид 1 тэрбум төгрөгийг суулгаж, үүнээсээ шүүхээр шийдэгдээд цагаатгагдсан иргэдийн ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ” гэж Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нь УИХ-ын өнөөдрийн чуулганаар гишүүдэд танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “Монгол Улсын соёл, шашны салбарт улс төрийн хилс хэрэг ихээн хохирол учруулж, олон сүм хийд, эртний соёлын үнэт өв устаж үгүй болсон. Иймд асуудлыг өргөн цар хүрээтэй харж, хохирлын асуудлыг дахин судлах цаг болсон. Шашин, сүм хийд, лам нарыг үзэн ядах, үзэл санааг нь мушгин гуйвуулсан урлагийн бүтээлүүдийг засаж, залруулах арга хэмжээг авах, ажлынхаа цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй” гэж хэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаагаа хэлэв. Түүнчлэн коммунизмын үзэл суртал агуулсан кинонуудыг бусад улс орнууд хориглосон байхад Монголд үүнийг баатарлаг үйл мэтээр үзүүлж, ялангуяа лам нарын эсрэг суртал, ухуулгатай киног өнөөдрийг хүртэл үзүүлж байгааг буруутгав. Иймд тэр тухайн уран бүтээл, кинонуудын коммунизмын үзэл сурталтай хэсгүүдийг хасах, засварлах арга хэмжээ авах шаардлагыг Соёлын яам болон тодорхой түвшинд тавьж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

