horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Малчны өвөлжөөнд 3 шөнө дараалан баавгай иржээ

post-img

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай орж, гэр, эд хөрөнгийг нь сүйтгэжээ. Энэ сарын 5-ны шөнө тухайн малчин айлын гэрийн гадаа баавгай ирж ууттай аарц идэж байна гэх дуудлага тус сумын Онцгой комисст ирсэн байна. Уг баавгайг буудаж үргээх, хөөж холдуулах үед тэнд байсан үхрийн шийр, арьсыг чирээд зугтжээ.

Гэвч энэ сарын 6-ны шөнө баавгай дахин ирж, тухайн айлын илүү гэрт хадгалж байсан 120 сав аарц болон бусад цагаан идээг идэж, сав суулгыг базаж, хаясан байна.

Үүний дараа сумын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу тухайн айлын илүү гэрт байсан цагаан идээ, аарц, өрөм зэрэг хүнсний зүйлсийг гадна орчноос зайлуулж, цэгцлэн Багануурт хүргэж тавьсан байна.

Гэвч энэ сарын 7-ны өглөө уг айлын хүмүүсийг гэртээ ирэхэд баавгай дахин нэвтэрч, амьдардаг гэрийг нь сүйтгэсэн байжээ.

Тус дуудлага, мэдээллийн дагуу шөнийн цагаар Төв аймгийн Байгаль орчны газар болон Багануур дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамтран, дулаан мэдрэгчтэй дроноор тухайн орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Баавгай дахин ойртож болзошгүй тул иргэд, малчид өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, баавгайтай ойртохгүй, хөөж туух гэж оролдохгүй, хүнс, мах, аарц, цагаан идээ болон бусад үнэр ихтэй зүйлсийг ил задгай хадгалахгүй байхыг анхааруулж байна.

0/1000