Еврогийн ханш ам.долларын эсрэг таван долоо хоног дараалан буурах төлөвтэй байна. Аравдугаар сарын 9-ний байдлаар нэг евро 1.1211 ам.доллартай тэнцэж байгаа нь энэ долоо хоногт 0.3 хувиар, сүүлийн таван долоо хоногт нийт гурван гаруй хувиар суларсан үзүүлэлт юм. Харин долоо хоногийн эхээр евро 1.1161 ам.доллар болж, 2025 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрчээ.
Еврогийн ханш буурахад Евро бүсийн хоёр дахь том эдийн засаг болох Францын улсын өр, төсвийн алдагдалтай холбоотой болгоомжлол нөлөөлж байна. Францын Сангийн яамны тооцоогоор тус улсын улсын өр 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 119.3 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа бол төсвийн алдагдал 5.4 хувьд хүрэхээр байна. Засгийн газар 2027 оны төсөвт 54 тэрбум еврогийн зардал хэмнэх арга хэмжээ тусгасан ч улс төрийн зөрчил, олон нийтийн эсэргүүцэл уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй байна.
Францын зээл авах өртөг өсөж, Засгийн газрын бондын өгөөж сүүлийн 20 гаруй жилийн дээд түвшинд ойртсон нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Аравдугаар сарын 8-нд Евро бүсийн сангийн сайд нар болон Европын Төв банк Францыг 2027 оны төсвөө баталж, зах зээлийн итгэлийг сэргээхийг уриалсан байна.
Гэхдээ еврогийн ханшийн бууралт саарах шинж ажиглагджээ. АНУ-ын бондын өгөөж буурч, ам.долларын өсөлт саарсан нь еврогийн ханшийг долоо хоногийн эхний доод түвшнээс бага зэрэг сэргээхэд нөлөөлсөн байна.


