Тайванийн үндэсний баярын хамгийн содон үзүүлбэрүүдийн нэг болох аварга далбааг АНУ-д үйлдвэрлэсэн “Chinook” нисдэг тэрэгний доор өлгөн, Тайбэй хотын дээгүүр нисгэдэг уламжлал энэ жил үргэлжилнэ. Хятадын эсэргүүцлээс шалтгаалан Тайванийн төрийн далбааг олон улсын арга хэмжээнд ил гаргахыг хязгаарладаг ч тус арал жил бүрийн аравдугаар сарын 10-нд болдог баярын үеэр далбаагаа ийнхүү мандуулдаг.
Тайванийн арми 2019 оноос эхлэн Ерөнхийлөгчийн ордны дээгүүр аварга далбаа тээвэрлэн нисгэж, төрийн дуулал эгшиглүүлдэг болжээ. Энэ нь Хятадын зүгээс ирэх дарамт нэмэгдэж буй үед ард иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.
Далбаа тээвэрлэх нислэгийн сургуулилтад оролцсон нисгэгч Линь Чан-Чэн “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа уг далбааг “үндэсний бүрэн эрхт байдлын бодит бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлжээ. Тэрээр энэ удаа гурав дахь удаагаа далбаа тээвэрлэх нислэгт оролцож байгаа бөгөөд алдаа гаргах эрхгүй учраас үргэлж сандардаг гэв. Гэсэн ч олон нийтийн өмнө далбааг амжилттай мандуулахад хөдөлмөрийнх нь үр дүн гарч, бахархал, сэтгэл ханамж төрдөг гэжээ.
12х18 метрийн хэмжээтэй аварга далбааг 2019 онд анх “Chinook” нисдэг тэрэгний доор өлгөн нисгэжээ. Далбааг шүхэр үйлдвэрлэхэд ашигладаг хөнгөн атлаа бат бөх материалаар хийсэн байна.
Хятад улс ардчилсан тогтолцоотой Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Тайванийн олон улсын харилцааг хязгаарлахыг эрмэлздэг. Тухайлбал, Олимп зэрэг спортын олон улсын тэмцээнд Тайвань өөрийн төрийн далбааг ашиглах боломжгүй бөгөөд “Хятадын Тайбэй” нэр, тусгайлан бүтээсэн бэлгэ тэмдгээр оролцдог.
Тайванийн үндэсний баяр нь 1911 оны бослогын ойд тохиодог. Тус бослогоор Хятадын сүүлчийн эзэнт гүрнийг түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулсан юм. 1949 онд иргэний дайнд Мао Зэдуны коммунист хүчинд ялагдсан Бүгд Найрамдах Хятад Улсын засгийн газар Тайвань руу шилжсэн бөгөөд энэ нэр Тайванийн албан ёсны нэр хэвээр байна.
Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ аравдугаар сарын 10-ны өглөө үндсэн илтгэл тавьж, бодлогын зорилтууд болон Хятадтай харилцах асуудлаар байр сууриа илэрхийлэхээр төлөвлөжээ.


