Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутагт харьяалагдах Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд “Мобиком” корпорацын машин шатсаны улмаас ой, хээрийн түймэр гарсан юм. Цогтсүмбэр 1 дүгээр багийн Бичигтийн-Өндрүүд гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10. 08-ны өдрийн 11:55 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км, Монгол Улсын хилийн шугамаас дотогш 40 км-ийн зайтай. Түймрийн голомтод салхи ихтэй, салхи чиглэлээ байнга өөрчилж байсан нь түймрийг тэлэхэд ихээхэн нөлөөлжээ. Мөн уг газар горхи, намаг олонтой. Энэ нь гал сөнөөгчдөд хүндрэл учруулсан байна.
Уг түймрийг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд 3 өдөр ажилласан ч цурманд оруулж чадаагүй.

Иймд Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх 1, 2 экспедиц дэмжлэг үзүүллээ. Тэд үүл буудан, бороо оруулж, түймрийг унтраахад тусалжээ.
Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж, газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан дээр нэмж Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал сөнөөгчдөөр хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллав.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах анги, Хилийн 0198 дугаар анги, иргэд хамтран түймрийг унтрааж байна. Уг түймрийг өнөөдөр (2026.10.12) 00:55 цагт цурманд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймэр унтраахад Монголын талаас нийт 109 хүн, 18 автомашинтай ажиллажээ. Үүнд:
- Дорнод аймгийн ОБГ-аас 40 алба хаагч, 7 автомашинтай,
- Өмнөговь ОБГ-аас 8 алба хаагч, 1 автомашинтай,
- Дорноговь ОБГ-аас 8 алба хаагч, 1 автомашинтай,
- Сүхбаатар ОБГ-аас 7 алба хаагч, 1 автомашинтай,
- Хэнтий ОБГ-аас 9 алба хаагч, 1 автомашинтай,
- Сумын мэргэжлийн ангийн 16 алба хаагч, 3 автомашинтай,
- Хилийн 0198 дугаар ангийн застав 16 алба хаагч, 2 автомашинтай,
- Нөмрөгийн дархан цаазат газрын 5 алба хаагч, 2 автомашинтай
Энэ түймэр Монгол Улсын хил давж, БНХАУ-ын нутаг руу давсан байна. Хятадын талаас 58 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр хилээ дагаж ажиллаж уг түймрийг цурманд орууллаа.

Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. “Мобиком”-ын гүйцэтгэх захирал, Японы иргэн Ясүхиро Очи, захирлын туслах Ашина, бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг, “Мобиком нэтворкс”-ийн захирал Б.Отгончимэг, техникийн албаны захирал А.Даваасүрэн тэргүүтэй хүмүүс олон машинтай явж байсан аж. Тэдний нэг болох “Ниссан патрол” машин шатаж, шар өвсөнд түймэр авалцжээ.
Машины доор өндөр шар өвс хуримтлагдан, оч авалцсанаар машин шатсан байж магадгүй гэж одоогоор уг түймрийн шалтгааныг таамаглаж байна. Үүнийг жолооч хүн бодолцож, өндөр өвстэй газраар явахгүй байх ёстой. Зайлшгүй шаардлага гараад явсан бол машины янданд шар өвс хуримтлагдахаас сэргийлж, байнга шалгах ёстой. Нөгөө талаас тухайн машин техникийн хувьд бүрэн бүтэн байсан уу гэдэг асуулт бас байгаа юм.

Эрүүгийн хуулийн 24.7-д ой хээрийн түймэр тавих гэсэн заалт бий.
24.7 дугаар зүйл.Ой, хээрийн түймэр тавих
1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас:
3.1.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон;
3.2.их хэмжээний хохирол учирсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
“Мобиком”-ынхонд ямар хариуцлага тооцох бол?
Нөмрөг бол цагаан зээрийн гол бэлчээрийн нэг. Энэ тал нутгийг бүхэлд нь хуйхалснаар цагаан зээр энэ өвөл идэх өвсгүй болж байгаа юм.

