Төв Америкийн Панам улсад аравдугаар сарын 9-ний баасан гарагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас олон зуун байшин эвдэрч, оршин суугчид орон гэргүй болжээ. Засгийн газар амралтын өдрүүдээр улсын хэмжээнд онц байдал зарласан байна.
Дроноор авсан бичлэгт Плайя-Венао дахь далайн эргийн зочид буудал нурсан байдалтай харагджээ. Тонози хотын оршин суугч Йинейдис ДеГрасиас газар хөдлөх үед 20 хоногтой хүүхдийнхээ хамт унтаж байсан бөгөөд нурсан хэсгүүд толгой, биеийг нь оносон ч хүүхдээ халхлан хамгаалж, барилгаас гарч чадсан байна.
Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа 200 гаруй удаа чичирхийлэл бүртгэгдэж, наад зах нь 27 хүн гэмтэж, 900 орчим байшин эвдэрчээ. Алслагдсан бүсүүдэд хохирлын үнэлгээ үргэлжилж байгаа тул энэ тоо нэмэгдэх магадлалтай байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй аж.
Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд очиж, тусламж хүргэхийн зэрэгцээ зам, гүүрийг яаралтай засварлахыг үүрэгджээ. Верагуас болон Лос-Сантос мужид наад зах нь 14 гүүр эвдэрсэн байна.


