Украины Ерөнхийлөгч Зеленский аравдугаар сарын 11-ний ням гарагт АНУ-аас зарласан Орос, Украины эрчим хүчний байгууламжид халдахгүй байх түр тохиролцоог дэмжиж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр Оросын тал мөн адил халдлагаа зогсоовол Украин Оросын эрчим хүчний байгууламжид цохилт өгөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Зеленский Вашингтон, Москвагийн хооронд хэлэлцсэн тохиролцооны нарийн мэдээллийг хүлээж байгаа ч Оросын дрон, бөмбөгийн халдлага үргэлжилж байгааг онцолсон байна. Тухайлбал, түүний мэдэгдэл хийх үеэр Харьков хотын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг станцад цохилт өгсөн гэжээ.
Украины Ерөнхийлөгчийн туслах Дмитро Лытвин Оросын тал Харьковын ДЦС-5-д АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эрчим хүчний салбарын гал зогсоох тохиролцоог зарласны дараа цохилт өгсөн гэж мэдээлсэн байна. Гэвч дайны үеийн мэдээллийн хязгаарлалтын улмаас уг байгууламжид цохилт өгсөн эсэхийг Ройтерс агентлаг хараат бусаар баталгаажуулж чадаагүй аж.
Зеленскийн мэдээлснээр, Оросын тал өнгөрсөн долоо хоногт Украины цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах дэд бүтцэд 200 гаруй удаа халджээ. Тэрбээр дайныг дуусгахын тулд шаардлагатай бүх алхмыг хийхэд Украин бэлэн байгааг дахин мэдэгдсэн байна.


