Прокурорын байгууллага 10 дугаар сарын 5-9 хүртэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45.254 хэрэг хянажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,660 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 894 хэрэг шинээр нээж, 400 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хар тамхитай холбоотой хэргүүдийг тоймлон танилцуулъя.
- С.А өөртөө хэрэглэх зорилгоор 2025 оны 8 дугаар сард … аймгийн нутаг дэвсгэрээс “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай олсны төрлийн ургамал түүж бэлтгэжээ.
- Б.Б 2026.04.01-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан байна.
- Ө.Ө 2026.06.24-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс шингэн хэлбэртэй, Монголд хэрэглэхийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан байна.
- О.Э, М.Б, А.Б, Г.Ү нар 2026.08.08-ны өдөр “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, олсны төрлийн ургамал түүн хадгалжээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
- Б.Д 2026.07.03-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авчээ. Түүнийгээ 2026.07.05 хүртэл Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Play Time” шоу арга хэмжээний үеэр биедээ авч яваад, цагдаад баригдсан байна. Түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
- Э.Х 2023 оны 2 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас худалдан авч, гэртээ хадгалжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
- О.Г 2026.05.15-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирэхдээ “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах зорилгоор тээшиндээ нууж авчирчээ. Түүнийгээ Э.Т А.Ц, Д.А нарт худалдсан байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 дах хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.

