Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба баривчилж, арилжааны банкин дахь дансуудаар 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийснийг нь тогтоолоо. Тэд мөрийтэй тоглоомоос олсон орлогоороо өндөр өртөгтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч, нуусан байжээ. Тэрхүү хөрөнгийг нь илрүүлж, битүүмжилсэн байна.
Иргэн Ө, С, М, З, Б, Ш нарын бүлэг этгээд цахим хэрэгсэл ашиглан, нэр бүхий 6 этгээдтэй бүлэглэж, цахим мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулдаг байжээ. Тэд “Pokerrr” аппликэйшнд “Mazab”, “Хүрээ”, “42y22”, “Романы сайт”, “Доллар холдинг”, “Путин ах” нэртэй мөрийтэй тоглоомын клуб үүсгэж, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан аж. “Mazab”, “Хүрээ”, “42y22” клуб серверээ хөдөө байрлуулсан байжээ.
Тэдний мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг нь шалгалтаар хураан авчээ.

