Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамирын мэдээлснээр 2022-2026 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 51.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Үүний дотор 32.5 тэрбум төгрөгийн 19486 компьютер, 58549 ширээ сандал, гал тогооны 8291 тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Үр дүнд нь нийт дунд сургуулиудын компьютеруудын тоо 50665-аас 71418 болж 41 хувиар, ухаалаг самбар 1558-аас 2550 болж 65 хувиар өсөөд байгаа юм. Гэсэн хэдий ч сургалтын тоног төхөөрөмжийн хангамж хангалтгүй байна гэж тэрбээр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам, Улсын Их Хурал дахь Боловсролыг дэмжих лобби бүлэг хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдод өчигдөр хэлэв. Энэ хэлэлцүүлгээр сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийг хөндсөн юм.

Гэрт ойр сургууль хөтөлбөрийн хүрээнд сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд нийлүүлж, дараа нь төрөлжсөн ахлах сургуулиудыг хангах, олон улсын хөтөлбөртэй бүсийн ахлах сургуулиудад удаад нь нийлүүлэх гэх мэт эрэмбийг Боловсролын ерөнхий газар баримталж байгаа аж.
Нийслэлийн 189 дүгээр сургуулийн захирал Б.Зээрээ шинээр ашиглалтад орсон сургуулиуд ч тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдахгүй байгааг дурдаж, сургуулиудад нийлүүлж буй компьютерүүд технологийн хувьд хоцрогдсон, ширээ, сандал сурагчдын эргономикийн шаардлага хангадаггүй зэргийг шүүмжилсэн юм. Тэрбээр нөхөн хангалтын зардлыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
306 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Байгальмаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болоод байгаа онцолж, эцэг эх, багш нарын дэмжлэгээр энэ асуудлыг шийдсээр ирснийг сануулсан бол 161 дүгээр сургуулийн захирал Б.Балжинням БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан тус сургуульд лаборатори, хөгжмийн хэрэгсэл, спортын тоног төхөөрөмж гээд сургалтын хэрэгсэл огт хангагдаагүй гэдгийг сануулж, Боловсролын яамтай хамтран зээлэх зэрэг олон төрлийн аргаар асуудлаа шийдсэн тухай ярилаа. Тэрбээр сургууль бүрийн онцлог, хэрэгцээнд тохирсон зардал, санхүүжилтийг эрэмбэлэн шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Нэг ширээ, сандалд гурван ээлжээр хичээллэхэд элэгдэл, хорогдол их байгааг 16 дугаар сургуулийн захирал Д.Гантогоо сануулав. Хичээлийн 920 хүүхдийн суудалтай байранд эдүгээ 2850 хүүхэд суралцуулж буй тус сургууль “Гэрт ойр сургууль”-ийн хүрээнд нэг, хоёрдугаар ангийн 380 хүүхдийг түрээсийн байранд суралцуулж эхэлсэн нь үр дүн өгчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ширээ сандал, лабораторийн тоног төхөөрөмж ихээхэн хуучирсан, актлах шаардлагатай ч хэрэглэгдсээр байгааг 40 дүгээр сургуулийн нягтлан бодогч н.Алтанцэцэг сануулж, хангалт, шинэчлэлтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн бол 37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг эко, аюулгүй, ухаалаг сургуулийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн чанар, үнийн талаар шүүмжилж, сургуулийн барилгыг тоног төхөөрөмжтэй нь иж бүрнээр хүлээлгэн өгдөг байх шаардлагатайг онцолсон юм.
69 дүгээр сургуулийн захирал Ш.Оюунсайхан сургуулиудад таблет, ухаалаг дэлгэц хангалттай биш, дугуйлан секцийн болон үдийн хоолны заал танхим хүрэлцээгүй байгааг шүүмжилсэн бол 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяа хүүхдийн цэцэрлэгийн онцлогийг дурдан, хивс дрож цэвэрлэх тоног төхөөрөмж, гал тогооны болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, угаагч, хатаагч хангалтгүй байгааг хэллээ.

